Энэхүү блогоор “ЗАЛУУЧУУДАД ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СОШИАЛ АЯНЫ СУДАЛГАА”-ны үр дүнд хийсэн дүгнэлтийг танилцуулж байна.
Судалгааны үр дүнгийн талаар авч үзхээсээ өмнө хөдөлмөр эрхлэлттэй холбоотой сүүлийн үеийн анхаарал татсан зарим статистик мэдээллүүдтэй танилцья.
Нэгдүгээрт, “Монгол улсын хэмжээнд 2022 оны 2 дугаар улиралд 15-24 насны 57300 залуучууд ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна.”
Үнэнийг хэлэхэд дээрх статистик мэдээллийг хараад би хэсэг хугацаанд гайхширсан гэхэд болно. 573 залуус биш, 5730 залуус ч биш, бүхэл бүтэн 57300 залуус. Магадгүй зарим нь хөгжлийн бэршээлтэй болон бусад зайлшгүй шалтгаануудын улмаас сурдаггүй бас ажилдаггүй байж болно. Зарим нь бүр ажил хийх, сурах шаардлагагүй хангалуун амьдардаг байж болно. Хүний амьдрал янз бүр. Гэхдээ яг тийм шалтгаантай 40000, 50000 Монгол залуус байгаа гэвэл мэдээж өрөөсгөл. Тэгэхээр асуулт юу вэ гэвэл, “Тэд ажил хөдөлмөр эрхлэхгүй, бас сурах ч үгүй байгаа юм бол яг юу хийж, яаж амьдраад байгаа хэрэг вэ?”
Хоёрдугаарт, “Нийт ажилгүйчүүдийн 49.3 хувь нь техникийн болон мэргэжлийн, тусгай мэргэжлийн дунд болон дээд боловсролтой хүмүүс байна”
Намайг гайхшруулсан бас нэгэн статистик бол дээрх статистик тоо. Учир нь ажилгүй 2 хүн тутмын нэг нь тодорхой хэмжээний мэргэжлийн болон техникийн боловсролтой эсхүл дээд боловсрол эзэмшсэн залуус байгаа юм. Тэгэхээр боловсролтой хүмүүс маш олноороо ажилгүйчүүдийн эгнээг бүрдүүлж буйн цаад шалтгаан юу байж болох вэ? Сургуульд сурч, мэргэжил эзэмших нь ажилд орох баталгаа болж чадахгүй байна гэсэн үг үү? Эсвэл манай улсад ажлын байрны хомсдол бий болсон уу? Эсхүл ихэнх залуус Монгол улсад илүүдэлтэй мэргэжлийг түлхүү эзэмшээд байна уу? Их сургуулиа төгссөн залуус шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадвараа эзэмшээгүй байна уу? Явж явж энэ асуудал манай улсад нүүрлээд буй томоохон асуудлуудын нэг болох ЧАНАРГҮЙ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ-тэй холбогдох биз.

За одоо судалгаа руугаа орьё. “Залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аяны судалгаа”- ны үр дүнгээс харахад судалгааны хүртээмжтэй холбоотой хэд хэдэн сул талууд ажиглагдсан. Нэгдүгээрт, тус судалгаанд оролцогчдын 73.1% нь эмэгтэй хүмүүс байсан бол үлдсэн цөөхөн хувь нь эрэгтэйчүүд байсан. Энэ нь хүйсийн тэнцвэртэй байдлын зөрүү өндөр байсныг харуулж байгаа юм.
Хоёрдугаарт, тус судалгаанд оролцогчдын 75.6% нь Улаанбаатар хотод хөдөлмөр эрхлэгчид байсан. Тиймээс тус судалгаа орон нутагт барилга, үйлчилгээ, ноос ноолуурын салбарт ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой санал сэтгэгдлийг хангалттай тусгаж чадаагүй байх өндөр магадлалтай байгаа юм.

Гуравдугаарт, тус судалгаанд оролцогчдын 79.4% нь дээд боловсролтой хүмүүс байсан бөгөөд энэ нь тус судалгаа боловсролын түвшин доогуур иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой аливаа санал хүсэлтийг хангалттай хамруулж чадаагүй гэдгийг илэрхийлж байна. Хэдий дээрх сул талууд бий ч тус судалгааны ирээдүйн үр өгөөж, оруулах хувь нэмэр асар их гэдгийг мартах учиргүй.
Судалгааны эцсийн үр дүнд шинжилгээ хийхэд хэд хэдэн онцлох үр дүнгүүд ажиглагдсан бөгөөд тэдгээрийн тухай одоо авч үзье. Нэгдүгээрт, нийт оролцогчдын 56.3% нь илүү цагаар ажиллахдаа нэмэгдэл хөлс авдаггүй гэж хариулсан байна. Энэ нь ажилтан мөн ажил олгогч хоёрын зарим тохиолдолд нэг нь зарим тохиолдолд хоёулаа илүү цагийн тухай хөдөлмөрийн хуулийн заалтыг мэдэхгүй байгаатай холбоотой байх магадлалтай юм.
Хоёрдугаарт, судалгаанд оролцогчид 68%-ын саналтайгаар залуучууд ажилгүй байгаа хамгийн гол шалтгааныг “бага цалин” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ажлын байрны олдоц сайн байгаа хэдий ч ажил олгогч нарын зүгээс санал болгож буй цалин хөлс хангалтгүй байгаагийн улмаас залуучууд ажил хийх хүсэлгүй байгаа юм.
Гуравдугаарт, нийт судалгаанд оролцогчдын 58.8% үйлдвэрчний эвлэл буюу ажиллагчдын байгууллагад нэгдээгүй гэсэн хариу өгсөн байна. Энэ нь тус оролоцогчид хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах, хөдөлмөрийн нөхцөл болон амьдралын түвшингээ дээшлүүлэх, нийгэм болон бусад асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломжийн хувьд хязгаарлагдмал байгааг илтгэж байна.

Бидний дараа дараагийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой аливаа компанит ажил, үйл ажиллагаануудын зохион байгуулалтад тус судалгааны үр дүн, туршлага асар их үнэ цэнэтэй байж, хувь нэмрээ оруулна гэдэг нь харагдаж байна. Ингээд энэ судалгааг хийж гүйтэтгэхэд хувь нэмрээ оруулсан баг хамт олонд талархал илэрхийлье.
Эх сурвалж:
Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, “Залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аяны судалгаа” цахим гарын авлага, УБ, 2022
Олон улсын хөдөлмөрийн байгууллага, “Залуучуудын хөдөлмөрлөх эрх: Залуучуудын зохистой хөдөлмөр” чиглүүлэгчийн гарын авлага, УБ, 2018
