Ажилгүйдэл бол залуусын хамгийн том дайсан

Ажилгүйдэл бол залуусын хамгийн том дайсан Залуучуудын ажилгүйдлийн цаана боловсролын чанар, ажлын туршлагаас эхлээд цалин бага зэрэг олон шалтгаан, саад бэрхшээл байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд зал…

Залуучуудын ажилгүйдлийн цаана боловсролын чанар, ажлын туршлагаас эхлээд цалин бага зэрэг олон шалтгаан, саад бэрхшээл байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд залуучуудын ажилгүйдлийн шалтгааныг хувьчлан тогтоож, тохирсон шийдэл олох нь чухал юм.

Та үүнийг анзаарсан уу?

Манай улсын хүн амын 1/3 хувийг залуучууд эзэлдэг ч ажилгүй залуус олон болсоор байгаа юм. 2021 оны есдүгээр сарын эцсийн байдлаар, манай улсад 15.0 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн байгаагаас үүний 55 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Залуучуудын ажилгүйдлийн цаана боловсролын чанар, ажлын туршлагаас эхлээд цалин бага, залуусын ажилд хандах хандлага зэрэг олон шалтгаан, саад бэрхшээл байдаг.

Залуус яагаад ажилгүйдэлд өртөөд байна вэ?

Энэхүү асуудлын суурь шалтгаан маш олон хүчин зүйлээс хамаардаг.

ЕБС төгсөж буй залуус мэргэжлийн талаарх мэдээлэлгүйгээс нийтлэг цөөхөн мэргэжлүүд сонгон суралцсаар байна. Улмаар их сургуулиа төгссөний дараа тухайн мэргэжлээрээ ажилд орж чадахгүй байх нөхцөл олон тохиолдож байгаа юм.

Мөн залуус ажилд орж чадахгүй байгаа өөр нэг гол шалтгаан нь залуусын хувь хүний ур чадвар, хандлага болон практик туршлагагүй байдал нь ажил олгогчдын шалгуурт тэнцэхгүй байх нөхцөл байдалд оруулаад байна. Ажил олгогчдын зүгээс ажлын туршлага, харилцааны чадвар, баг хамт олноор ажиллах чадвартай байх шаардлагыг шинэхэн төгсөгчдөөс шаарддаг боловч залуусын хувьд эдгээр нь дутуу, дулимаг байгаа нь байгууллагууд өөрсдөд хэрэгцээтэй боловсон хүчнийг олоход хүндрэлтэй байдаг. Эсрэг талаас хэрхэн ажын туршлага олж авах, дээрх дурдсан ур чадваруудад суралцах зэрэг асуудлууд залууст тулгараад байгаа юм. Эдгээр туршлага, ур чадварыг их сургуулийн 4 жилийн хугацаанд суралцах ёстой боловч ажлын талбар дээр гараад дахин сурах шаардлагатай болоод байгаа нь их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөр хангалтгүй байгааг харуулж байгаа юм.

Их дээд сургуулийн 3,4-р дамжааны 100 оюутнуудаас авсан судалгааны үр дүнд хичээлийн хөтөлбөрийн хүрээнд үздэг дадлага ажлын хугацаа хангалтгүй байдаг хэмээн үнэлсэн. Мөн хичээлээс гадуур дадлага ажил хийх боломжтой газруудын мэдээллийг багш, болон хувиараа олж мэддэг тул өөрт тохирсон дадлагын хөтөлбөрөө олж чаддаггүй хэмээн судалгаанд оролцогч залуус хэлсэн юм.

Мөн ажлын талбарт тулгамддаг асуудлын нэг бол албан байгууллагууд хөдөлмөр эрхлэх насны залуус ажил голж байна хэмээн ярьдаг. Гэтэл энэ нь ганцхан залуус бидний буруу биш юм. Сүүлийн үед газруудын харилцаа хандлага сайн байх, ажилчдынхаа эрүүл ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн эсэх, мөн өөрсдийн гэсэн соёлтой эсэхийг залуус их чухалчлан харах болсон. Хэрэв дээрх нөхцөлийг хангасан бол эхний жилүүдэд бага цалингаар ажиллахад зүгээр хэмээн "Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт"-ийн талаар хийгдсэн судалгаанд дурдагдсан байсан юм.

Энэ нь юуг илэрхийлж байгаа вэ гэвэл залууст ганцхан хөдөлмөр эрхлэхэд асуудал байгаа юм биш, мөн ажил олгогч байгууллагуудад бас асуудал байгаа. Үүнийг хэн хэн нь шийдвэрлэх хэрэгтэй байгаа нь чухал юм.

Эх сурвалж:

Дадлагын хөтөлбөр төслийн судалгааны хүрээнд оюутан, залуусаас авсан судалгаа.