АЛИВАА ЗҮЙЛД СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДДАГ БОЛВОЛ АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРЧ, АМАР ТАЙВАН БАЙХ БОЛНО.

АЛИВАА ЗҮЙЛД СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДДАГ БОЛВОЛ АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРЧ, АМАР ТАЙВАН БАЙХ БОЛНО. Ажлаа үүрэг даалгавар, өөрт ногдсон хүнд ачаа мэт харах биш дуртай зүйлээ хийх гэж байгаа мэтээр харж, хандаж чадвал…

Ажлаа үүрэг даалгавар, өөрт ногдсон хүнд ачаа мэт харах биш дуртай зүйлээ хийх гэж байгаа мэтээр харж, хандаж чадвал тэнд бид амар амгалан, аз жаргалыг мэдэрч чадна.

Халамжлуулах дургүй хүн гэж байдаггүй л байх, хэн ч гэсэн ая тухай орчинд хангалуун сайхан, амар тайван амьдрахыг хүсэлгүй л яах вэ. Гэвч мөрөөдлийн энэ сайхан нийгэм, нөхцөл байдлыг бий болгохын төлөө хөдөлмөрлөж, тэмцэлгүй хэн нэгэн хийж өгөх юм шиг санан бусдыг буруутган шүүмжилдэг хүмүүсийг ойлгохгүй юм.

Хөдөлмөрийн насны идэвхитэй хүн ам нэмэгдэж, хөдөлмөр эрхэлснээр эдийн засгийн өсөлт нэмэгддэг. Гэвч Хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, нөгөө талдаа эдгээр иргэдийг төр засаг, зарим нэг олон улсын байгууллага, ТББ-с халамжлах бодлогоор хөхүүлэн дэмжээд байгаа нь хэдхэн арван жилийн дараах ахмадын улс орны унтаа байдлыг одооноос эхлүүлж байгаатай ялгаа нь юу байх вэ дээ гэж бодогддог.

Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийн хөдөлмөрт хандах хандлагыг эерэгжүүлж, ажлын байранд зуучилж, дадлагажуулах бодлого барихын оронд хоол хүнсний талон өгөх, хүүхдийн мөнгө өгөх, нийгмийн хариуцлага хэмээн ажил олгогчид нь гурил, будаа, түлээ нүүрс, хувцас өгсөөр байгааг мөн адил ойлгохгүй юм.

Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Хонгконг зэрэг улс орон өөрсдийн хөдөлмөрийн нөөцийн хэмжээ нь нэмэгдэхэд төр, засгаас нь ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг явуулж эхэлсэн байна. Жишээ нь, Өмнөд Солонгос улс жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж, иргэдээ бизнес эрхлэх боломжоор ханган, татварын хэмжээг бууруулж, бага хүүтэй зээл олгох зэргээр эрх зүйн орчноо таатай болгож сайжруулсан байна. Гэтэл улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэн, нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын түвшин өндөр болж эерэг өөрчлөлтийг авчирсан бөгөөд энэ нь иргэдийнх нь амьдралын чанарт нөлөөлөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ нь хүртэл сайжирчээ. Харин Монголд ямар байна вэ?

2020 оны 12 сарын байдлаар гаргасан Монгол банкны инфляцийн тайланд хөдөлмөрийн насны хүн ам өмнөх оны мөн үеэс төдийлөн өөрчлөгдөөгүй (-0.4% буурсан) ч эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч) буурч, эдийн засгийн идэвхгүй хүн ам нэмэгдсэнээр ажиллах хүчний оролцооны түвшин 2019 оноос 1.3 нэгж хувиар буурч 59.6 хувьд хүрлээ гэсэн байна. Үүнээс бид ажил хийх хүсэлтэй хүн буурсныг харж болно. Өдөр өдрөөр хөдөлмөрийн насанд хүрсэн иргэд нэмэгдэж байхад ажил хийх хүсэлтэй хүний тоо буурч байгааг би арай өөр өнцгөөс хардаг.

Хүн бүр амьдралд ямар нэг байдлаар ажлын байранд томилогдсон байдаг. Гагцхүү тэрхүү ажилдаа сэтгэл зүрхээ шингээсэн хүн эзэн нь болж чаддаг бөгөөд амжилтанд хүрч аз жаргалтай болдог. Сэтгэл санааны байнгын хэлбэлзлээс болж бид ямар нэгэн байдлаар ухрах эсвэл урагшлах үйлдэл хийдэг нь элбэг. Төөрсөн үед уулын орой дээр гарвал бид эргэн тойрноо харж замаа олно. Бидний дүрэм бол өгсөх зүгрүү урагшлах. Зорилгоо мэдэхгүй ч дүрмээ мэдэж байгаа. Ямагт өгсөж урагшлах ёстойг. Бид одоо байгаа авьяасаараа, чадвараараа, бүх хүчин чадлаараа ажлаа хийх хэрэгтэй.

Ажлаа үүрэг даалгавар, өөрт ногдсон хүнд ачаа мэт харах биш дуртай зүйлээ хийх гэж байгаа мэтээр харж хандаж чадвал тэнд бид амар амгалан, аз жаргалыг мэдэрч чадна. Та одоо хийж байгаа ажилдаа дургүй юу? Залхсан уу? Тэгвэл би нэг зүйлийг асууя. Танд ямар нэгэн таск хийхэд бэрхшээл гардаг уу? Арай гэж тухайн ажлын ард гардаг уу? Хүн бүрт тийм асуудал гардаг. Бүх зүйл анхнаасаа амархан байдаггүй. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хийж байгаа зүйлдээ эзэн нь болж чадсан тэр үед та ажилдаа дуртай болно. Хүн чаддаг зүйлээ хийж гайхуулах дуртай байдаг шүү дээ. Тэрэнтэй ижилхэн одоо чадахгүй байгаа зүйлээ сурч чаддаг болохын төлөө хичээгээрэй. Ажлаа жаргаж хийдэг хүмүүс байдаг. Би тийм байх гэж хичээдэг.

Та ч гэсэн чадна.