Бүтэн өдрөө хэдэн төгрөгөөр үнэлэх вэ?
Хамгийн сүүлд 2020 онд шинэчлэгдсэн мэдээнээс харахад Монгол улсын цалингийн доод хэмжээ 420.000 төгрөгтэй дүйдэг аж. Бүтэн цагаар ажилладаг бол нэг долоо хоногт 40 цаг, сард 160 цаг ажиллана. Үүнээс үзвэл чиний нэг цаг 2600 гаран төгрөгтэй тэнцэж таарах нь.
Оффист ажиллаад арай өндөр цалин авдаг гэж бодъё л доо. Сард 1.500.000 төгрөгийн үндсэн цалинтай бол үүнээс НДШ, ХХОАТ зэрэг суутгагдаж, чи гар дээрээ 1.210.750 төгрөг хүлээн авах юм байна. Тэгвэл чиний цагийн үнэлгээ 7.500 гаран төгрөг гэсэн үг.
CU-д ажилладаг оюутны цагийн хөлс 3.500-5.000 төгрөг байдаг. Харин барилгын талбай өдөржин цэвэрлээд 30.000 төгрөг, нэг цаг нэмж ажиллавал 5.000 төгрөг илүү авдаг гэж найз маань ярьж байсан. Оюутан бид нарт ч их мөнгө шүү гэж шүүрс алдах нь гунигтай ч юм шиг.
Гэтэл Европийн аль нэг улсад очоод зөөгч хийхэд цагийн хөлс нь даруй 10.000-40.000 төгрөгтэй дүйнэ.
Солонгос руу ажиллахаар явдаг хүмүүсийг ч гайхах зүйл алга. Хөдөлмөрийг нь хамаагүй илүү үнэлж байгаа учраас нутгаа орхиод явж байгаа нь тэр биз.
Нутагтаа сайхан амьдармаар байвч нэг л болж өгөхгүй байх юм…
Ус авахад ч хүрдэггүй бидний цалин…
Бүтэн өдрөө зольж олсон хоолны мөнгө минь…
Бид хөдөлмөрөө зохистой үнэлүүлж чадаж байна уу?
Залууст “Зохистой хөдөлмөр”-ийн талаарх мэдлэг дутмаг байдгаас цалингаа тогтсон хугацаанд авахгүй байх, үндэслэлгүй суутгал хийлгэх, хөдөлмөрөө шулуулах зэрэг асуудал үүсдэг. 18 наснаас дээш эрх зүйн бүрэн чадвартай болсон иргэн бүр ямар нэгэн хөдөлмөр эрхэлж эхэлдэг ба “Зохистой хөдөлмөр”-ийн талаар тодорхой ойлголттой байх нь өөрийн эрх болон үүргийг хамгаалж, биелүүлэхэд чухал ач холбогдолтой.
