Боловсролын систем ба зохистой хөдөлмөр

Боловсролын систем ба зохистой хөдөлмөр Боловсролын өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага мөн зохистой хөдөлмөрийн талаарх залуусын мэдлэг Монгол улсын нийт хүн амын 15-35 насны иргэд ба гуравны нэг буюу 3…

Боловсролын өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага мөн зохистой хөдөлмөрийн талаарх залуусын мэдлэг

Монгол улсын нийт хүн амын 15-35 насны иргэд ба гуравны нэг буюу 30.7 хувийг бүрдүүлдэг харьцангуй залуу иргэдтэй улс орон юм. Манай улсын хувьд залуучуудын дээд боловсрол эзэмших хувь нь бусад орнуудтай харьцуулахад өндөр. Жил бүр бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж буй сурагчдын 70 орчим хувь нь их, дээд сургуульд шинээр элсэн орж, 30 орчим мянган залуус төгсөн гардаг.

Гэсэн хэдий ч дээд боловсролын салбарт гарч буй бэрхшээлээс үүдэн залуу ажилчид, залуучууд хөдөлмөр эрхлэлтэд шилжихэд дараах бэрхшээлүүд тулгардаг байна.

1. Ур чадварын хангалтгүй байдал

Эдийн засгийн салбар, мэргэжлээс үл хамааран залуучуудын ур чадварын хангалтгүй байдал нь тэдний ажилд орох боломжийг бууруулж байна. Мэргэжлийн ур чадвар, дадлага практик хийсэн байдал бага, зөөлөн ур чадварууд сул хөгжсөн, олон улсын зах зээлд ажиллахад гадаад хэлний мэдлэг муу гэх мэт ур чадваруудыг үүнд оруулж болно.

2. Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ажиллах хүчин бэлтгэдэггүй

Дээд боловсролын салбар ба ажил олгогч хоорондын уялдаа хамтын ажиллагаа дутмаг учир эдийн засгийн ач холбогдол бүхий мэргэжилтэн хомсдох эрсдэлтэй. Мөн сургалтын агуулга, хөтөлбөр, багшлах боловсон хүчин дутагдалтай байгаагаас үүдэн хөдөлмөрийн зах зээлд эрэлтгүй эсвэл нийлүүлэлт нь хэт ихэдсэн мэргэжил сонгох зэрэг нөхцөл үүсэж байна.

3. Мэргэжил, ажиллах салбараа сонгоход мэдээлэл бага

Техник, мэргэжлийн боловсрол эзэмшихийн ач холбогдол, хэрэгцээг эртнээс хангалттай таниулж, энэ төрлийн ажил мэргэжлийн үнэ цэнийг олон нийт, нийгэмд сурталчилж чаддаггүй улмаас энэ мэргэжлээр төгсөгчид маш бага байдаг. Жил бүр 9 дүгээр анги дүүргэж буй сурагчдын 20 хувь, 12 дугаар анги төгсөгчдийн ердөө 10 орчим хувь нь Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад элсэн ордог. Элсэлтийн хувь хангалтгүй байгаа нь хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай байгаа мэргэжилтэй ажиллах хүчний нийлүүлэлтийг хангаж чадахгүй байдалд хүргэж байна.

Эдгээр тулгуур үзүүлэлтээс дүгнэхэд залуу ажилтан ажлын байранд тэнцэхгүй байх, нийгэмд хэрэгцээ шаардлага багатай мэргэжлээр төгсөх, өөрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлохгүйгээр их дээд сургуульд заавал сурах ёстой мэт ойлголттой байдаг.

Нөгөө талаас зохистой хөдөлмөрийн талаар мэдлэггүйн улмаас өөрийгөө хамгаалж чадахгүй байх, бага хөлсөөр олон цаг ажиллах, өөрийн хөдөлмөрийн эрхийг хангуулж чадахгүй байх, ажлын хүнд хэцүү нөхцөлд хөдөлмөрлөх, ажлаас халагдах гэсэн айдас дор хөдөлмөрийн хуулийг зөрчсөн ч хэлэхгүй өнгөрөх мөн гэх мэт асуудал үүсдэг байна.

Залуу ажилтны хувьд ажлын байран дээрээ туршлага, ур чадвар хуримтлуулан хөгжиж эдийн засаг санхүү, нийгмийн баталгааг хангаж байх ёстой байдаг билээ. Гэтэл ажлын байранд шаардлагатай ур чадварыг хангахгүй учир мэргэжлээсээ өөр ажил хийхээр өөр аргагүй байдалд хүрэх нь олон тохиолддог. Мөн зарим залуучуудын хувьд өөр ажил хийж, олон жилийн турш ажилласны эцэст туршлага хуримтлуулж өрийн үндсэн мэргэжлээр ажиллах боломжийг бий болгодог.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй саад бэрхшээлүүд нь хувь хүний түвшнээс эхлээд боловсролын систем хүртэл олон хүчин зүйлээс нөлөөлж байна. Гэвч өөрийн сурч буй мэргэжлээ сайн эзэмшиж, мэргэжилдээ эзэн болж, эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг бий болгож, хөдөлмөрлөх эрхээ хамгаалахын тулд зохистой хөдөлмөрийн талаар судалж мэдэхийг залуустаа уриалж байна.

Ашигласан материал, эх сурвалж: Залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аяны судалгаа

Лоринэт сангийн судалгааны ажлын тоо баримт, нэгтгэлд тулгуурлав.