Стресс нь хүн бүрт тохиолддог хэвийн зүйл гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хүний бие стресстэй нүүр тулж, түүнд хариу урвал үзүүлэх өөрийн зохицуулгатай. Ямар нэг өөрчлөлт, сорилт (стресс үүсгэгч) тулгарахад бидний бие сэтгэлзүйн болон бие физиологийн хариу урвал үзүүлж буйг стресс гэнэ. https://www.unicef.org/mongolia/mn/about-us
Стресс бидэнд үргэлж сөргөөр нөлөөлдөггүй, ямар нэг аюулаас сэргийлэх дохио болж, хариу үйлдлийг идэвхжүүлж байдаг. Жишээлбэл, удахгүй болох чухал шалгалт таныг стрессдүүлж байна бодъё. Үр дүнд нь таны шалгалтанд илүү идэвхтэй бэлдэх, өөрийгөө дайчлах сэтгэлзүйн болоод бие махбодийн эрч хүч, тэсвэр нэмэгдэнэ. Харин стресс удаан хугацаанд тайлагдахгүй, стресс үүсгэгч нь арилахгүй байх тохиолдолд илүү ноцтой асуудал болж хувирдаг.

Хүний биеийн автомат мэдрэлийн тогтолцоо нь зүрхний хэм, амьсгал, нүдний хараа болоод бусад олон чухал үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд “тэмц эсвэл зугт” гэсэн стрессийн хариу үйлдлийн тусламжтайгаар бид стресс үүсгэгч нөхцөл байдалтай нүүр тулж, даван туулдаг.
Стрессийн хариу урвал удаан хугацаагаар идэвхтэй байх нь архаг стресст хүргэх ба бие махбодь, сэтгэлзүйн хямралд хөтөлнө. Улмаар биеийн болоод сэтгэл хөдлөл, зан үйлийн хам шинжүүд илэрч эхэлдэг.
Хүснэгт: Стресст өртсөн үед биед гарах өөрчлөлт // Стрессийн нөлөөгөөр биед илрэх шинж тэмдгүүд | Сэтгэл хөдлөл, сэтгэцэд үзүүлэх стрессийн нөлөө: // Бие хөндүүрлэх, өвдөх; Цээжээр өвдөх, зүрх дэлсэх; Ядарч сульдах, нойргүйдэх; Толгой өвдөх, эргэх, манарах; Цусны даралт ихсэх; Ходоод, хоол боловсруулах үйл ажиллагааны алдагдал; Бэлгийн дур хүсэл буурах; Дархлаа сулрах | Сэтгэл түгших, тавгүйтэх; Сэтгэл гутрал; Сандрал дайралт; Гуниглах
Зарим тохиолдолд архаг стресст өртсөн хүмүүс даван туулахын тулд доорх эрүүл бус зан үйлийг үзүүлдэг:
- Архи согтууруулах ундааг ойр ойрхон хэтрүүлж хэрэглэх
- Мөрийтэй тоглох
- Хэт их идэх
- Өөрийн хяналтгүй интернет хайлт хийх, дэлгүүр хэсэх
- Тамхи татах
Мансууруулах бодис хэрэглээ
Стрессийг хэрхэн оношлох вэ?
Стрессийг дан сэтгэлзүйн тестээр оношлох боломжгүй. Зөвхөн хувь өөрөө стресст өртсөн эсэх, ямар түвшинд мэдэрч байгаагаа илэрхийлж чадна. Сэтгэлзүйчид хувь хүний стрессийн нөхцөл байдлыг тодорхойлж, амьдралын хэв маягт нөлөөлөх нөлөөллийг илрүүлэхэд тусгайлан боловсруулсан асуумжийг ашигладаг.

Стрессийг хэрхэн даван туулах вэ?
Стрессээс бүрэн сэргийлэх боломжгүй ч зарим аргуудыг хэрэгжүүлснээр архаг стресст өртөхгүй байх боломжтой:
- Стрессийн шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц дасгал хөдөлгөөн хийх. Богино зайд явган алхах ч сэтгэл санааг өргөдөг.
- Орой бүр хэсэгхэн хугацааг тухайн өдөрт хийж бүтээснээ эргэцүүлэн бодоход зарцуул. Хийж амжаагүй зүйлдээ анхаарах шаардлагагүй.
- Өдөр, 7 хоног, сард хийх ажлын төлөвлөгөө, зорилгоо тодорхой болго. Төлөвлөгөө нарийвчлал сайтай байх тусам хянахад хялбар болж, урт хугацааны зорилгоо биелүүлэхэд дөхөм болно.
- Таны санааг зовоож буй зүйл байвал мэргэжлийн сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.
Стрессээс хэрхэн сэргийлэх вэ?
Бясалгал, иог, тай чи, амьсгалын дасгал зэрэг тайвшруулах, булчин суллах дасгалаар хичээллэх.
- Өдөр бүр өөрийгөө хайрлаж, халамжлах. Үүнд зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх, чанартай унтаж амрах зэрэг орно.
- Эерэг хандлагатай байж, талархаж, амьдралдаа болон тухайн өдрийн сайн сайханд төвлөрч, өөртөө урам өгөөрэй.
- Амьдралын бүх асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Өөрчилж чадахгүй нөхцөл байдалд санаа зовдоггүй байх.
- Хэт завгүй, стресстэй үедээ бусдын зарим хүсэлтэд “үгүй” гэж хэлдэг байх.
- Хамт байхдаа тайвширдаг, таныг аз жаргалтай болгодог, сэтгэлзүйн дэмжлэг, харилцан туслалцаа үзүүлдэг хүмүүсээр хүрээлүүлэх. Гэр бүл, найз нөхөд, хамт олон зэрэг таны стрессийг хуваалцаж, сайн сонсогч байж чадах хүмүүс олон бий.

