Coping with stress

Coping with stress Стрессийг бууруулах аргууд: Бие, оюун санааны тэнцвэрийг олох нь. Стресс бол амьдралын хэвийн нэг хэсэг боловч хэрхэн зохицуулж байгаа нь бидний эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд ш…

Стрессийг бууруулах аргууд: Бие, оюун санааны тэнцвэрийг олох нь.

Стресс бол амьдралын хэвийн нэг хэсэг боловч хэрхэн зохицуулж байгаа нь бидний эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд шууд нөлөөлдөг. Бидний амьдралд буй өндөр ачаалалтай ажлууд, хувийн харилцаа, шахуу цагийн хуваарь зэрэг хүчин зүйлс нь стрессийг нэмэгдүүлэх шалтгаан болж байдаг. Энэ блогоор стрессийг бууруулах аргууд, тухайлбал хайрцаглаж амьсгалах, тархины долгионыг ойлгож тэнцвэрт байдал олох, эерэг дурсамж болон талархлын хүч, мөн нойрны ач холбогдлын талаар тайлбарлах болно.

1. Хайрцаглаж амьсгалах арга: Тайвшрах хамгийн энгийн арга

Хайрцаглаж амьсгалах нь стрессийг багасгах энгийн, үр дүнтэй арга юм. Энэ арга нь амьсгалын тогтсон хэмнэлээр биеийг тайвшруулж, төвлөрлийг нэмэгдүүлдэг. Аргын үндсэн зарчим нь:

- 4 секунд амьсгаа авах
- 4 секунд амьсгаагаа түгжих
- 4 секунд амьсгаа гаргах
- 4 секунд амьсгаа авалгүй түр амрах

Энэ нь таны мэдрэлийн системд тайвшрал өгөхөөс гадна, стресстэй үед үүсдэг зүрхний цохилт болон амьсгалын хурдыг зохицуулж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Өдрийн турш 2-3 удаа хайрцаглаж амьсгалах дадлыг хэрэгжүүлснээр стрессээс ангид амар амгалан байдлыг мэдэрдэг байна.

2. Тархины Альфа, Бета долгионы нөлөө: Эрч хүчийг зохицуулах нь

Тархи маань янз бүрийн давтамж бүхий долгионуудаар ажилладаг ба эдгээр нь бидний эрч хүч, төвлөрөл, сэтгэл санаанд нөлөөлдөг. Хоёр үндсэн долгион болох альфа болон бета долгионыг ойлгож, зөв ашиглах нь өдрийн эрч хүчээ үр ашигтай зохицуулах боломжтой юм.

- Альфа долгион: Энэ нь тайван байдал, амар амгаланг илэрхийлдэг. Альфа долгионы идэвхтэй үед оюун санаа тайван, бие сэргэдэг бөгөөд энэ нь ихэвчлэн амрах, бясалгал хийх үед үүсдэг.
- Бета долгион: Энэ нь идэвхтэй ажиллаж, асуудал шийдвэрлэх үеийн төвлөрөлт, эрчимтэй бодол санаатай холбоотой. Өдрийн ажлын ачаалал ихтэй үед бета долгион давамгайлдаг.

Хэт их бета долгион нь стрессийг нэмэгдүүлдэг тул богино хугацааны завсарлага авч альфа долгионд шилжих нь үр дүнтэй. Жишээлбэл, ажлын үед богино хугацаанд бясалгал хийх эсвэл тайван орчинд амрах нь альфа долгионыг идэвхжүүлж, стрессээс сэргийлнэ.

3. Эерэг дурсамж дээр төвлөрөх: Стрессийн нөлөөг бууруулах

Стресс үүсэх үед оюун санаа нь сөрөг зүйлс дээр төвлөрч, түгшүүр нэмэгддэг. Үүний эсрэг эерэг дурсамжуудыг санаж, тухайн мэдрэмжиндээ төвлөрөх нь стрессийг багасгахад тустай байдаг.

- Эерэг дурсамж: Хэзээ нэгэн цагт сэтгэл догдлуулсан, баяр баясгалантай мөчийг санаарай. Энэхүү санамжийг сэргээх нь стрессийн үед сэтгэлийг тайвшруулж, амар амгалан байдлыг мэдрүүлнэ.

Эерэг дурсамж дээр төвлөрөх нь зөвхөн сэтгэл санааг дээшлүүлээд зогсохгүй, сөрөг бодлуудыг хязгаарлаж, өдрийн турш эерэг эрч хүчээр дүүрэн байхад тусална. Өдөрт дор хаяж 2 удаа хийгээд сурчихвал хэр баргын стресст өртөхгүй 😉

4. Талархах Арга: Сэтгэл Санааны Тэнцвэрийг Хадгалах

Талархлын арга нь биднийг өдөр тутмын амьдралдаа анзаардаггүй энгийн зүйлсийг илүү гүнзгий талархан хүлээн авч, сэтгэл санааны тэнцвэрийг хадгалах боломжийг олгодог. Судалгаагаар талархлын дадал зуршилтай хүмүүс стресс бага мэдэрч, илүү аз жаргалтай, эрүүл байдаг гэж үздэг.

Талархлын аргыг хэрэгжүүлэх хялбар арга бол:
- Өдөр бүр 3-5 зүйлд талархлаа илэрхийлж, бичиж тэмдэглэх.
- Бодит зүйл дээр төвлөрч, бага ч гэсэн эерэг зүйлсийг анзаарснаар сэтгэл хөнгөрч, сөрөг бодлоос ангижирдаг.

5. Нойр: Бие, Сэтгэлийг Сэргээх Түлхүүр

Стрессийг бууруулахад нойр чухал үүрэг гүйцэтгэдэг. Нойргүйдэл эсвэл чанаргүй нойр нь стрессийн даамжрах шалтгаан болдог. Хангалттай нойр авч чадахгүй бол стрессийн даавар болох кортизолын түвшин нэмэгддэг бөгөөд энэ нь стрессийг улам нэмэгдүүлдэг.

Сайн унтахын тулд:
- Тогтмол унтах цаг гаргах.
- Унтахын өмнө тайван орчин бүрдүүлэх.
- Тайван дуу хөгжим сонсох эсвэл ном унших зэрэг аргуудыг туршаад үзээрэй!

Хангалттай нойр нь биеийг сэргээхээс гадна стрессийн менежментэд чухал үүрэгтэй.

Дүгнэлт:

Стрессийг зохицуулах нь зөвхөн бие махбодын төдийгүй сэтгэл санааны төвлөрлийг шаарддаг. Хайрцаглаж амьсгалах, тархины альфа болон бета долгионыг ойлгож зохицуулах, эерэг дурсамж дээр төвлөрөх, талархлын дадлыг хэвшүүлэх, мөн хангалттай унтаж амрах нь стрессийг багасгах энгийн аргууд юм. Эдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр стрессийг үр дүнтэй даван туулж, сэтгэл санааны амар амгаланг мэдрэх боломжтой.