Дадал зуршил гэж юу вэ?

Дадал зуршил гэж юу вэ? Та зарим үйлдлийг ямар ч шийдвэр гаргалгүйгээр таны бие махбод, оюун санаа чинь өөрөө хийчихдэг гэдгийг анзаарч байсан уу? Өглөө болгон босоод хамгийн түрүүнд шүдээ угаана гэж…

Та зарим үйлдлийг ямар ч шийдвэр гаргалгүйгээр таны бие махбод, оюун санаа чинь өөрөө хийчихдэг гэдгийг анзаарч байсан уу? Өглөө болгон босоод хамгийн түрүүнд шүдээ угаана гэж төлөвлөдөг гэж үү? Мэдээж үгүй.

Өдийг хүртэл хэд хэдэн үйлдлийг байнгын тогтмол хийсэн тул одоо хийх дараалал, шаардагдах хугацаа, хэрэгтэй зүйлс зэргийг төлөвлөөгүй ч төгс гүйцэтгэлтэйгээр хийдэг болсон. Энэ бол дадал зуршил. Бидний өдөрт хийж буй үйлдлийн 45 орчим хувь нь дадал зуршил дээр тулгуурласан шийдвэрүүд байдаг.

Дадал зуршил гэдэг нь зорилго, амжилттай холбоотой зан үйлийн хэвшил буюу хүн амьдралынхаа туршид хийж буй үйлдлээ бүрэн автоматжуулахыг хэлдэг. Тухайн үйлдлийг таны тархи заавал хийх гэсэн жагсаалтад нэмж, ямар ч төлөвлөгөөгүйгээр хийдэг гэсэн үг. Гэтэл бидний тархи аливаа зүйлийг сайн муугаар нь ялгаж чаддаггүйн улмаас сайн, муу зуршил гэх ойлголт гарч ирсэн. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Муу дадал зуршлыг сайнаар сольж болдгийг санах хэрэгтэй.

Дадал зуршил хэрхэн үүсдэг вэ?

Дадал зуршил нь дараах циклийн үр дүнд үүсдэг.

  1. Сэжүүр: Тухайн зүйлийг өдөөж, эхлүүлж буй хүчин зүйл буюу шалтгаан
  2. Үйлдэл: Тухайн дадлыг биелүүлж буй байдал
  3. Урамшуулал: Тухайн үйлдлийг дахин давтах ёстой эсэхийг тархинд сануулах хүчин зүйл

Жишээгээр тайлбарлавал: ”Pepsodent” шүдний оо 1900-аад оны үед гарч ирж байсан ба түүнээс өмнө АНУ-ын нийт хүн амын 7 хувь нь л шүдээ угаадаг байжээ. Шүдний оо нь шүдэн дэх өнгөрийг арилгана гэдэг сэжүүр өгснөөр тэдгээр хүмүүс шүдээ угаах үйлдэл хийж эхэлсэн ба шүдээ угаах үед хөөсөрч, сэнгэнэсэн мэдрэмж өгч байгаа нь үнэхээр өнгөрийг арилгаж байна гэсэн урамшууллын дохиог тархинд өгснөөр тухайн үйлдлийг тогтмол хийх сэдэл болж байгаа юм. Гэвч үнэндээ хөөс, сэнгэнэсэн амт нь ооны чанартай ямар ч хамааралгүй бөгөөд тухайн хүмүүст өнгөр арилж байгаа гэдэгт итгүүлж, шүдээ дахин угаах хүслийг нь өдөөж байгаа хэрэг. Үүнээс хойш 10 жилийн дотор дээрх тоо 65 хувь болтлоо өсч байжээ.

Мууг сайнаар солих

Сайн муугийн аль аль нь хүнд байдаг. Сайн зуршлууд таны амьдралд зорилгод тань эерэг үр дүн гаргаж, хөгжин дэвших явц, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг зүйлс байдаг бол муу дадал зуршил нь эсрэгээрээ хорлож байдаг зүйлс. Аль нь илүү давамгайлж байгаагаас ирээдүйгээ тодорхойлж болно. Тиймээс муугаа сайнаар сольж өөрчлөх үү эсвэл энэ хэвээрээ үргэлжлүүлэх үү гэдэг нь таны сонголт.

Дадлаа өөрчлөх алтан дүрэм: Та муу зуршлыг үгүй хийж чадахгүй, харин өөрчилж болно.

Лондоны Их Сургуулийн судлаач Пилиппа Лалли зуршил бий болгоход яг ямар хугацаа шаарддагийг судалсан судалгааны үр дүн дунджаар шинэ зуршил бүрэн автоматжуулалт болох хүртэл судалгаанд оролцсон хүмүүсийн зан чанар, онцлог болон нөхцөл байдлаас нь шалтгаалаад 18-254 өдөр хүртэл шаардагдаж байв.

Зуршлыг нэг л өдрийн дотор бүтээчихдэггүй гэдгийг энэхүү суудалгаа харуулж байна. Зуршлыг бүтээх хамгийн эхний алхам бол тухайн хэвшлийг бүтэж буй зорилгоо бодитойгоор тавьж бага багаар бие махбод, оюун санаандаа суулгаж, тууштайгаар хичээх явдал юм.

Эх сурвалж:

Ikon.mn

Charles Duhigg: The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business