Diaspora 26’

Заа бүгдээрээ сайн биз дээ!

Заа бүгдээрээ сайн биз дээ!

Энэхүү нийтлэлийг унших гэж буй та бол бүр хамгийн сайн нь шүү. Заа ингээд миний амьдралын нэгэн жаргалтай, их зүйлд суралцсан, дурсамж дүүрэн зуныг та бүхэндээ товчхон хүргэе!

Миний бие Тэмпл их сургуулийн Япон дахь салбарын 4 дүгээр курсийн Эдийн засаг мэргэжлээр суралцаж буй диаспора оюутан. Харж байгаа биз. Ийм шинэ үг сурчхаад байгаа юм аа энэ зун. “Диаспора” гэдэг үг нь өөрийн гарал үүсэл, үндэстэн, угсаанаасаа өөр газар нутагт шилжин суурьшиж, эх орон, соёлынхоо үнэт зүйлсийг хадгалан тухайн орчиндоо амьдрах бүлгийг хэлнэ (танд магад шинэ мэдээлэл байж мэднэ гээд оруулав).

Энэ зун анхны Монгол Диаспора хөтөлбөрийн нэгэн хэсэг болж танилын хүрээ, хувь хүний хөгжил болон орлого гурваа нэгэн хөтөлбөрт багтаан цагаа зарцуулах азтай завшаан тохиосон билээ. Та бүхэнд л гэж хэлэхэд энэхүү хөтөлбөрийн хүрээнд болдог 5 дахь өдөр болгоны сургалт дээр миний сурсан нэгэн зүйл бол дээр дурдсан танилын хүрээ, хувь хүний хөгжил болон орлого гурвын ядаж хоёрыг нэгтгэсэн зүйлд цагаа зарцуулснаар хүн дэмий зүйлд цагаа үрээгүй гэсэн ойлголт байдаг юм билээ. Та ч бас амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.

Хөтөлбөрт орсон цагаас хойш 24 үе тэнгийн Монголын ирээдүй болсон шижигнэсэн залуучуудын амьдралын хэв маяг, тэдний сурсан мэдсэн зүйлс, харах өнцгүүдээр булагдаж өөрийгөө улам шахаж сайжрах урам зоригийг олж авсан.
Хөтөлбөрт орсон цагаас хойш Монголын залуу боловсон хүчин бэлтгэх хүсэл эрмэлзэлтэй энерги-ээр дүүрсэн Youthinc-ийн эгч нараасаа үйл ажиллагаа зохион байгуулах, бусадтай харилцах, цаг төлөвлөлт болон олон олон карьерын хөгжлийн мэдлэг, туршлагыг олж авсан.

Хөтөлбөрт орсон цагаас хойш НҮБ болон "IOM Mongolia Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага"-аас эх орондоо эргэн ирж ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахгүй л бол бидний нутгийг биднээс өөр хэн ч ирж засан сайжруулахгүйг зүрхэндээ тултал ойлгосон.

Хөтөлбөрт орсон цагаас хойш "Хаан Банк"-д 2 сарын хугацаанд хийсэн дадлагынхаа хүрээнд корпорацын ертөнцөд хэрхэн биеэ зөв авч явах болон “Зах Зээлийн Эрсдэлийн газар” хэрхэн ажилдаг, банк яаж зах зээлийн эрсдэлээ тооцдог, санхүүжилтээ босгодог гэсэн тэр болгон хэрэглэгчийн өнцгөөс авах боломжгүй нарийн мэдлэгүүдийн зах зухаас өөрт таниулсан.

Эцэст нь хэлэхэд улсын хөгжил иргэдээсээ эхэлдэг. Гадаадад сурдаг Монгол оюутнуудын хувьд эх орондоо эргэж ирэх чин хүсэл эрмэлзэлтэй боловч эргэн суурьшихад тулгардаг танилын хүрээ, мэдээллийн хязгаарлагдмал байдал гэх мэтчилэн олон асуудлуудтай нүүр тулдаг. Тиймдээ ч энэхүү боловсон хүчээ гадаадад алдаж болзошгүй тулгамдсан асуудлыг олж харан үйлдэл авсан нийт бүх хамтрагч байгууллагууддаа чин сэтгэлийнхээ талархлыг илэрхийлье. Бид 24 эргэн ирэхэд бэлэн🫡. Цаашдаа энэ сайхан хөтөлбөрийнхөө хүрээг тэлэн олон зуун диаспорад хүрээсэй гэж ерөөе!

Бүгдэд нь дахин дахин баярлалаа.