Баяр хүргэе, Та Монгол Диаспора Хөтөлбөрт Тэнцлээ!
Энэ өгүүлбэрийг агуулсан мэйлийг анх уншиж байсан мөч одоо ч санаанд тод үлджээ. Монголдоо гурван сарын хугацаанд дадлага хийж, олон жил хол байсан эх орондоо ажиллаж үзнэ гэх бодол надад маш их догдлол төрүүлсэн юм.
Гэр бүл, дотнын хүмүүс, дассан орчноо ардаа үлдээн, өөрийн мөрөөдлийнхөө төлөө алс холын орныг зорьдог олон залуусын нэгэн адил би ч мөн Япон улсыг зорин ирж, энд дөрвөн жилийг өнгөрүүлжээ. Гадаадад амьдрах хугацаа надад олон шинэ зүйл зааж, өөрийгөө таних боломж олгосон ч, эх орондоо эргэн ирж өөрийн сурсан мэдсэн зүйлсээ хуваалцах хүсэл үргэлж байсан.
Тиймээс Монголдоо ажиллах, мэргэжлийн орчинд өөрийгөө сорих боломж олдсондоо маш их баярласан. Ингээд би гурван сарын хугацаанд “Европ Монголын Хамтарсан Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим”-д дадлага хийж, бизнесийн орчин, олон улсын хамтын ажиллагаа, байгууллагын үйл ажиллагааны талаар олон шинэ зүйл сурлаа. Энэхүү завшааныг ашиглан өөрийн туршлага болон сурсан мэдсэн зүйлсээ та нартай хуваалцъя.

- Saying yes before I was ready
Монголд ирсэн даруйдаа би ажилдаа орсон. Дадлагынхаа хоёр дахь өдөр л намайг Шангри-Ла зочид буудалд болох нэгэн арга хэмжээнд туслахаар явуулах болов. Гэнэт ирсэн даалгаврын өмнө бага зэрэг сандарсан ч, өмнөх орой нь арга хэмжээний зорилго, зохион байгуулагчид болон манай байгууллагын оролцооны талаар өөрөө судалж бэлдлээ. Маргааш нь гадаадын зочдод Монголын бизнесийн орчин болон байгууллагынхаа талаар танилцуулж, тэдэнтэй харилцах боломж олдов.
Хоёр долоо хоногийн дараа Монгол–Австрийн Бизнесийн Уулзалт зохион байгуулагдахад би арга хэмжээний зохион байгуулалт, ложистикийн ажилд илүү ойр оролцлоо. Австрийн талаас ирсэн гол зохион байгуулагчийг долоо хоногийн турш Сангийн Яам, Гадаад Харилцааны Яам зэрэг байгууллагуудын уулзалтад дагалдаж, шаардлагатай үед орчуулга хийж, бизнес уулзалтын хөтөлбөр, хуваарийг хүртэл хамтран боловсруулсан. Үнэнийг хэлэхэд, тухайн үед надад ийм ажилд оролцох туршлага байгаагүй. Гэхдээ яг тэр туршлагагүй байдал минь хамгийн их суралцах боломж болсон юм.
Энэ туршлагаас би нэг зүйлийг ойлгосон: өөрийгөө бүрэн бэлэн болтол хүлээх хэрэггүй. Заримдаа боломжийг хүлээж авснаар өөрийгөө бэлэн болгодог. Өмнө нь хийж байгаагүй зүйлдээ зоригтой оролцож, замдаа суралцах нь хамгийн үнэ цэнтэй туршлагуудын нэг юм байна.

- Learning by Watching
Дадлагын хугацаанд миний хамгийн их талархаж явдаг зүйлсийн нэг бол мэргэжлийн хүмүүсийн хэрхэн ажиллаж, харилцаж байгааг ажиглах боломж олдсон явдал юм.
Анхандаа албан ёсны уулзалтын үеэр зөвхөн яригдаж буй зүйлс л чухал гэж боддог байлаа. Харин ажиллах явцдаа хүний биеэ авч явах байдал, үг хэллэг, харилцааны өнгө аяс, бусдыг сонсох арга барил зэрэг жижиг мэт зүйлс хүртэл уулзалт хэрхэн өрнөхөд нөлөөлдгийг ойлгосон.
Манай ахлахууд намайг албан ёсны уулзалтуудад байнга хамт авч явдаг байсанд нь би баярладаг. Заримдаа би юу ч хэлэх шаардлагагүй байсан ч тухайн орчинд байж, хүмүүсийн харилцааг ажигласнаар албан ёсны уулзалт хэрхэн өрнөдөг, оролцогчид хэрхэн ойлголцолд хүрдгийг бодитоор харж чадсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид, компаниуд Монголын ямар салбар, боломжуудыг сонирхож байгааг илүү тодорхой ойлгож эхэлсэн. Үүнээс гадна албан бичиг, захидал боловсруулахдаа өмнөх бичиг баримтуудыг судалж, Монголын байгууллагуудтай харилцахдаа ямар үг хэллэг, өнгө аясыг ашиглах, байгууллагынхаа үнэт зүйл, зорилгыг хэрхэн зөв илэрхийлэх талаар суралцсан.
Энэ бүхнээс би мэргэжлийн ур чадвар зөвхөн мэдлэг, хийж буй ажлаар хэмжигддэггүйг ойлгосон. Зарим зүйлийг хүнээр заалгах биш, харин бодит орчинд байж, анзаарч, сонсож, бусдын туршлагаас суралцах үед л өөрийн болгодог аж.
- The People Made the Experience
Энэ хөтөлбөрөөс надад хамгийн их таалагдсан зүйлсийн нэг нь яахын аргагүй шинэ хүмүүстэй танилцаж, нөхөрлөсөн явдал байлаа. Өөртэйгөө адилхан гадаадад сурч, амьдарч байгаа залуустай ярилцаж, цагийг хамт өнгөрөөж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцаж байсан нь дадлагын хажуугаар надад халуун дулаан, дотно уур амьсгалыг бүрдүүлж өгсөн.
Хөтөлбөрт оролцсон хүн бүр өөр өөрийн түүх, мэдлэг, туршлагатай, хичээнгүй, зорилготой залуус байсан нь надад их урам зориг өгсөн. Заримдаа бусдын хийж буй зүйл, ирээдүйн зорилгыг сонсох төдийд өөрийнхөө тухай, цаашид юу хийж болох талаар шинээр бодож эхэлдэг юм байна.
Эцэст нь хэлэхэд, Монгол Диаспора Хөтөлбөр надад зөвхөн эх орондоо гурван сарын хугацаанд ажиллах боломж олгосонгүй. Харин гадаадад сурч, амьдарч буй Монгол залуус эх оронтойгоо холбоотой байж, сурсан мэдсэнээ Монголдоо авчирч болохыг өөрийн биеэр мэдрүүлсэн.
Гадаадад суралцаж буй залуусын хувьд эх орондоо буцаж ирээд өөрийгөө сорих, туршлагаа хуваалцах ийм боломж цөөн байдаг гэж би боддог. Тиймээс дараагийн хөтөлбөрүүдэд гадаадад сурч, ажиллаж байгаа Монгол залуус илүү олноороо оролцож, өөрсдөдөө ч, эх орондоо ч шинэ боломжийг бий болгоосой гэж хүсэж байна.
Миний хувьд энэ гурван сар “Монголдоо буцаж ирсэн” хугацаа төдий биш, харин Монголдоо юу хийж чадах вэ гэдгээ шинээр олж харсан гурван сар байлаа.

