Дуу шуугиан бол чимээгүй дайсан

Дуу шуугиан бол чимээгүй дайсан Энэхүү блогоор байнгын дуу чимээ ихтэй орчинд ажил эрхэлдэг хүмүүс эрүүл мэндийн хувьд ямар, ямар хохирол амсдаг талаар мэдээлэл хүргэхийг зорилоо. ДУУ ЧИМЭЭ БИДНИЙ АМЬ…

Энэхүү блогоор байнгын дуу чимээ ихтэй орчинд ажил эрхэлдэг хүмүүс эрүүл мэндийн хувьд ямар, ямар хохирол амсдаг талаар мэдээлэл хүргэхийг зорилоо.

ДУУ ЧИМЭЭ БИДНИЙ АМЬДРАЛД ХЭР ЧУХАЛ ВЭ?

Бидний амьдралд дуу чимээ чухал байр суурийг эзэлдэг. Чухам дуу чимээ л бидний амьдралыг утга учиртай болгож, өнгө гэрэл нэмдэг ховорхон зүйлсийн нэг билээ. Дуу чимээгүйгээр энэ амьдралыг туулна гэдэг юутай гунигтай. Та төсөөлөөд үз л дээ. Амьдралыг хөглөж, цэнгэлд автуулах ДУУ ХӨГЖМӨӨС авхуулаад, асуудлыг үргээж, хормын жаргал бэлэглэх ИНЭЭД НАРГИА, дурсамж сэдрээж, сэтгэл догдлуулах БОРООНЫ ЧИМЭЭ, сэтгэлийг тайвшруулж, аз жаргалыг бэлэглэх ШУВУУДЫН ЖИРГЭЭ хүртэлх амьдралын олон янзын дуу чимээг сонсож чадахгүй болчихсон байна гээд өөрийгөө төсөөлөөд үз. Аймшгийн муухай санагдаж байгаа биз. Надад ч гэсэн яг адилхан.

ДУУ ЧИМЭЭ БОЛОН ДУУ ШУУГИАН ХОЁРЫН ЯЛГАА ЮУ ВЭ?

Гэтэл хайр ихэдвэл хорсол, хоол ихэдвэл хор болдогтой адил дуу чимээ ихэдвэл бидний тийм ч их таатай ханддаггүй, товчхондоо үзэн яддаг дуу шуугиан болж хувирдаг. Дуу шуугиан нь бидний эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Бид дуу чимээний давтамжийг герцээр хэмжиж, хүчний түвшинг нь децибелээр хэмждэгийг мэднэ. Энд яригдаж буй децибел бол дуу чимээний чанга сулыг илэрхийлэх, хэмжих нэгж билээ. Тэгвэл дуу чимээний түвшин 85 дб байх нь хэвийн бөгөөд энэ түвшнээс хэтэрвэл бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна. Хэвийн хэмжээнээс хэтэрсэн дуу чимээ нь дүлийрэл, сонсгол бууралтын шалтгаан болохоос гадна тархины эд эсүүдийг гэмтээж, төв мэдрэлийн системд нөлөөлснөөр түргэн ядрах, анхаарал сулрах, нойргүйдэж улмаар зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орж, даралт ихсэх, зүрхний шигдээс өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх, бодисын солилцоо болоод ходоод гэдэсний хэвийн ажиллагаа алдагдах зэргээр бидний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг.

ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧИД СОНСГОЛ МУУДАХ, ДҮЛИЙРЭХ МАШ ӨНДӨР ЭРСДЭЛ ДУНД АЖИЛЛАДАГ УУ?

Гэтэл үйлдвэрийн ердийн суурь машины дундаж дуу чимээ 98 дб байдаг нь хэвийн хэмжээнээс 13 дб-ээр даруй өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл үйлдвэрт ажилладаг хүмүүс сонсгол нь муудах, дүлийрэх, болон бусад сэтгэлзүйн хохирлуудыг амсах өндөр эрсдэл дунд ажилладаг байгаа юм. Тодруулбал, төмөр болон гангийн үйлдвэр, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэр, талх, гурилан боовны үйлдвэр, хэвлэх үйлдвэр, уурхай, барилга, тээвэр зэрэг үйлдвэрийн салбарууд нь олон төрлийн том, жижиг тоног төхөөрөмж, машинуудын тусламжтай үйл ажиллагаагаа явуулдаг учир дуу чимээ ихтэй орчин бий болгодог. Улмаар тухайн үйлдвэрийн газруудад ажиллагсад өндөр давтамжит дуу шуугианаас болж сонсголоо муутгах, улмаар сонсголгүй болох аюулд олон зуугаараа өртдөг. Хамгийн гайхмаар нь тэдгээр олон мянган үйлдвэрийн ажилчид дуу шуугиантай ажлын орчиндоо дасах л хэрэгтэй гэж боддог байна. Бид ямар ч сонсгол хамгаалах хэрэгсэлгүй ажиллаж буй хэвлэх үйлдвэрийн ажилтан, барилгын ажилтан, экскаваторын жолооч, гагнуурчинтай таарч байсан шүү дээ. Энэ нь нэг талаас ажилчид дуу шуугианы аюулыг сүртэй биш гэж авч үздэгтэй, нөгөө талаас үйлдвэрийн ажил олгогчид дуу чимээний хор хөнөөлийн талаар ажилчдадаа мэдээлэл хүргэх, зөвлөх тал дээр хойрго ханддагтай ч бас холбоотой.

ХЭРХЭН СОНСГОЛ МУУДАХ БОЛОН ДҮЛИЙРЭХЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ВЭ?

Үйлдвэрийн ажилчид сонсголын эрхтэн тогтолцоогоо хамгаалахын тулд сонсгол хамгаалах хэрэгслүүдийг байнга зүүх ёстой. Үүнд, төрөл бүрийн чихний бөглөөс, орчны дуу тусгаарлагч зориулалтын чихэвч, чихний сувгийн бөглөөс зэрэг орно. Харин үйлдвэрийн ажил олгогчдын зүгээс ажилчдаа дээрх хэрэгслүүдээр хангах, дуу чимээ бага үйлдвэрийн тоног төхөөрөмж, машинуудыг худалдаж авах, хуучирч муудсаны улмаас гаргадаг дуу чимээ нь нэмэгдсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах нь чухал.

Цахим эх сурвалж:

https://awv.com/, Industrial Noise Pollution: Combatting Common Causes and Effects

https://mecart.com/, How to control industrial noise?