"Дэлхий ертөнц ч тэр, түүний тодорхойлолт ч тэр эрэгтэйчүүдийн бүтээл. Эрэгтэйчүүд дэлхийг өөрийн өнцгөөс тайлбарлаж, түүнийгээ туйлын үнэн гэж эндүүрдэг"
Хэзээ хүүхэдтэй болохоо өөрсдөө шийдэхийг хүсдэг боловч чаддаггүй олон зуун сая эмэгтэйчүүд дэлхий дээр байдаг. Мөн дэлхийн зарим улсуудад хэнтэй, хэзээ гэрлэхээ шийдэх, боловсрол эзэмших, машин барих, гэрээсээ гарах гэх мэт эрхийг нь хүртэл хязгаарласан байдаг. Зарим оронд хуулиар хориглосон байдаг бол, зарим оронд хуулиар зөвшөөрсөн ч соёл ёс заншлаараа хориглосон байдаг нь элбэг.
Миний хувьд эмэгтэй хүн бүр эрэгтэйчүүдээс дутах зүйлгүй гэж боддог болоод ч тэр үү ихэнх залуучуудын сонгодог мэргэжил буюу Мэдээллийн технологийн мэргэжлийг сонгож суралцахаар шийдсэн. Мэргэжлээрээ ажиллаж үзэхэд эмэгтэйчүүдэд давуу талтай зүйлс олон харагдсан. Жишээ нь: бүтээлч, шинэ санал санаачилга гаргадаг, эрэгтэйчүүдийн хараагүй өнцгөөс нь хардаг, асуудал шийдвэрлэх чадвар илүү гэх мэт. Бид эмэгтэйчүүдийг үнэлдэг, хүлээн зөвшөөрдөг эрх тэгш нийгмийг бүтээхийн тулд амьдралын бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж харж байна. Эмэгтэйчүүд бид бие биеэ дэмжиж, өөртөө итгэж, тууштай хичээж чадвал бүхий л салбарт манлайлах чадвартай. Ялангуяа Технологийн салбар илүү их боломжтой. Технологийн салбар дах хүйсийн тэгш бус байдлыг бууруулж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд туслах хөтөлбөр нь "Empowering girls in tech". Технологийн олон өөр салбарт ажилладаг, сонирхлоороо сонгон суралцаж байгаа гэх мэт олон өөр төрлийн эмэгтэйчүүдийг нэгтгэж байгаагаараа илүү давуу талтай гэж бодож байна. Хамтдаа багаар ажиллаж, бодол санаагаа хуваалцаж, шинэ хүмүүстэй танилцаж, бие биеэсээ суралцаж, хамтдаа өсөж дэвших маш том боломж юм. Дан ганц технологийн мэдлэг олгоод зогсохгүй, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүд нь сонирхолтой санагдаж байна.
Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн дуу хоолойтой байж хүсэл мөрөөдөлдөө хүрээсэй гэж хүсч байна. Эмэгтэйчүүдийг үнэлдэг нийгмийг хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Хүчирхэг эмэгтэйчүүд минь "Хамтдаа хичээцгээе"
