2024 оны 10 дугаар сарын 05-ын өдөр

Хүн бүр л тогтвортой амьдрах, ажил амьдралаа тэнцвэржүүлэх тухай ярьдаг. Энэ дундаас сая нэг тэнцвэрээ оллоо гэдэг хүн хэр их байдаг бол? Үүнийг заавал тэнцвэржүүлэх ёстой болов уу? Ер нь тэнцвэртэй байдал гэж юуг хэлдэг бол?
Үгийн утгаас харвал, аливаа зүйлийн хэм хэмжээг илүүдүүлэхгүй, бас дутаахгүйгээр тэнцүү байлгахыг өгүүлэх бөгөөд тэнцвэрт байдлыг нэг удаа тэнцүүлээд орхих бус удаан хугацааны туршид хадгалах нь зүй зохистой ажээ.

Ажил амьдралаа тэнцвэржүүлэхийн тулд цаг хугацаа, энерги, эрч хүчээ зөв зүйлд зарцуулж, удирдах хэрэгтэй.
Дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээ нэг бүтэн эргэх хугацааг 1 хоног гэх бөгөөд үүнд 24 цаг байдаг. Цаг хугацаа хязгааргүй мэт үргэлжлэх боловч эргүүлж буцаах, нөхөх, урьдчилах боломжгүй хязгаартай зүйл ажээ.
ӨнөөдөрБ.Цэцэгбадам багшийн хичээлээс чанартай цаг хэмээх ойлголтыг санаандаа гүн тусгаж авлаа. Хүний энерги, эрч хүч нь цаг хугацаатай адил хэмжээ хязгаартай бөгөөд үүнийг хэрхэн, зөв төлөвлөх, удирдах, чанар ямар байх нь танаас бүрэн шалтгаалах учраас гэр бүлдээ, өөрийн эрүүл мэнддээ, хувийн амьдралд, аялалд, сурч хөгжихөд, амар амгалан, аз жаргалтай байхад өдөрт хэр их цаг хугацаа, энергийг зарцуулаад байгааг өөрөөсөө асууж энэ нь өөрт тань хэрэг болох уу? эсвэл бодит байдлаас дордуулаад байна уу? гэдэгт анхаараад үзээрэй.
Юу хийхээс илүүтэй юу хийхгүй байх вэ? гэдгээ ол!
Хүмүүс зөв дадлыг хэвшүүлэх гэж олон янзаар хичээдэг. Би ч бас тэдний нэг. Үүний тулд ингэнэ , тэгнэ гэж бичдэг байснаас хэзээ ч ингэхгүй, тэгэхгүй гэж төлөвлөж, өөртөө амлалт өгч үзээгүй ээ. “Юу хийхгүй байх вэ?” гэдэгт анхаарвал гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх давуу талтай.
Эцэст нь байнга давтагддаг зүйлийг өөр аргаар хийх тухай багшийн маань санал болгож буй аргыг хуваалцъя. Хэрвээ та гар утсаа авахдаа баруун гараараа байнга авдаг бол дараагийн удаа зүүн гараараа авахыг хичээгээрэй. Энэ нь таны бие махбодь өөрчлөлтийг хүлээн авч, дасан зохицоход туслах юм.
Хичээлийн төгсгөлд багшийн зөвлөсөн зөвлөгөө:
- Ажил амьдралын тэнцвэрт байдал- Тасралтгүй үргэлжлэх процесс- хөгжинө.
- Энергийг юунд зарцуулахаа төлөвлөх нь чухал
- Стрессийн төлөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
- Тархийг удирдах бясалгалын аргатай болоорой.
- Амьдралын үнэт зүйлс, өөрийн мөн чанарын зорилгыг гол чиг шугамаа болгоорой.
- Тэнцвэрийг хадгалаарай.
YOUTH DEVELOPMENT PROGRAM 2024
