Энэ зуны турш IOM-ийн Монгол Диаспора хөтөлбөрт хамрагдан Аксиом Инк-д дадлага хийх ховорхон боломж гарсан билээ.

Хөтөлбөр, дадлага 2 маань хослон мэргэжлийн маань хувьд бас хувь хүний хөгжилд маань маш үнэтэй өсөлт авчирч, мөн мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээсэн юм. Миний бие Ч.Маралмаа одоогоор Харвардын их сургуульд Олон нийтийн удирдлага чиглэлээр суралцдаг ба үүний өмнө Бизнесийн удирдлагын мастерийн зэргээ Вашингтоны их сургуульд (Washington University in St.Louis)-д төгссөн юм. Олон улсын хэд хэдэн төслүүд дээр ажиллаж, мөн АНУ-д байхдаа олон улсын байгууллагуудад ажиллаж байсан ч Монголдоо өндөр үр өгөөжтэй ажиллах тал дээр туршлага багатай байсан юм. Харин энэхүү хөтөлбөрт хамрагдаж Аксиом Инк-дээ ажилласнаар, хамт олон, багш нараасаа маш олон талаар суралцаж, цаашдын суралцаж хөгжих чиглэлээ илүү нарийсгаж чадсан юм. Дадлагынхаа хугацаанд Aксиом Инкийнхээ Hire.mn дээрх тестүүдтэй танилцаж, тестүүдийг бөглөх явцдаа өөрийнхөө тухай илүү олон зүйлийг олж мэдэж чадсан юм. Мөн тест үүсгэх, тест бэлдэх ажилд суралцаж байхдаа судалгаа хийх ур чадвараа маш ихээр ахиулж чадсан билээ. Аксиом Инкийнхээ байгууллагын хэд хэдэн сургалтанд туслах багшаар явах үедээ Манлайлал, Байгууллагын менежмент, өөрчлөлтийн тухай олон зүйлийг олж мэдэж, ямар өндөр зохион байгуулалт, үр өгөөжтэй сургалтууд болдгийг ойлгож мэдэрсэн юм. Сургалтуудад туслах багшаар оролцох үедээ “ Багш хүний бусдад өгөхийн төлөөх чин сэтгэл”-ийг багш нарыгаа хараад мэдэрч, энэ нь миний ажилдаа болон амьдралдаа чин сэтгэлээсээ хандах хандлагыг ахин сэргээж өгсөн билээ. Бас Аксиом Инк нь миний ажиллаж байсан газруудаас хамгийн өндөр ёс зүй, хамт олны нэг нэгнийгээ гэсэн чин сэтгэл, багийн ажиллагаа, ажлын байран дээрээ сэтгэл хангалуун, өөрийнхөөрөө байж хувь нэмрээ оруулах сэтгэлийг үүсгэсэн газар билээ.

Youth Inc, IOM-ийн баг хамт олондоо ийм сайхан хөтөлбөр гаргасанд маш их баярлалаа гэж хэлье. Мөн Д.Алтантуяа, Lotus ( Цэцэгбадам) багш нартаа маш их баярлалаа. Эрдэм мэдлэг, сайхан сэтгэлийн уурхай болж маш ихээр цэнэглэсэн сайхан хөтөлбөр байлаа. Эндээс сурсан, цэнэглэгдсэн зүйлсээрээ сургуульдаа амжилттай суралцаад, эх орондоо буцаж ирээд бага багаар, нэг нэгээр, тасралтгүй хувь нэмрээ оруулна аа.
