Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд тулгардаг бэрхшээл

Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд тулгардаг бэрхшээл Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлнэ, түүнийгээ тууштайгаар хэрэгжүүлнэ гэдэг хүчин чармайлт, цаг хугацаа шаардсан амаргүй зүйл. Өөрчлөлт хи…

Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлнэ, түүнийгээ тууштайгаар хэрэгжүүлнэ гэдэг хүчин чармайлт, цаг хугацаа шаардсан амаргүй зүйл. Өөрчлөлт хийх гэж зорьсон хүн бүрт дараах нийтлэг асуудлууд тулгардаг.

Орчин үед эрүүл мэнддээ анхаарч урт удаан, эрүүл энх амьдрахыг хүссэн хүмүүс цөөнгүй болжээ. Гэтэл дийлэнх нь эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлж чадахгүй, тууштай хэрэгжүүлж чадалгүй шантарч хаядаг. Гэхдээ энэ бол ямар ч ажлыг хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээл. Хэрвээ та дараах бэрхшээлүүдийг даван туулж чадвал тийм ээ та зорилгодоо хүрэхэд ойрхон байна.

  1. Урам зориг

Эрүүл амьдралын хэв маягийг бүтээх хамгийн эхний алхам бол өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл. Хүсэл эрмэлзэл тань ямар ч байсан өөрийг чинь зоригжуулж төгс “би”-гээ бүтээхэд тань туслах болно. Урам зоригийг эргэн тойрныхоо хамт олон, алдартан бүр өөрөөсөө ч авах боломжтой. Бид урмаар тэжээгдэж өсөн дэвждэг тул энэ зүйл дутвал өөрийн зорилгоосоо татгалзах хандлагатай байдаг.

2. Цаг зав

Цаг бол алт гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч энэ үнэтэй цагийг ажилдаа, хичээлдээ, найз нөхөд, гэр бүлдээ харамгүй зарцуулдаг хирнээ өөртөө цаг гаргах ёстойгоо мартчихдаг. Өдөрт хэдхэн минут хэдхэн цагийг өөртөө зарцуулж чаддагүйгээсээ болж эрүүл мэндээрээ ирээдүйд хохирч одоо хийж байгаа зүйлсээ хийж чадахгүйд ч хүрэх эрсдэлтэй. Ажил дуусахгүй харин амьдрал дуусна. Ямар нэг байдлаар заавал өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлах хэрэгтэй.

3. Стресс

Бидний эрүүл мэндэд учирдаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг бол стресс. Стресс нь бидний хоолны дуршил, бодисын солилцоо, дархлааны системд хүчтэй нөлөөлдөг. Бидний тархи стресстэй "тэмцэх үү, эсвэл бууж өгөх үү" гэсэн сонголтон дунд байхдаа оновчтой, үндэслэлтэй шийдвэр гаргадаггүй бөгөөд өөрийн таатай бүсдээ орохыг эрмэлздэг залхуу эрхтэн. Түүнчлэн хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөс шүүлтүүргүйгээр хэтэрхий их мэдээлэл авдаг маань хүртэл бидний сэтгэл зүйд нөлөөлж байдаг. Тиймээс өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, мэдээллийг шүүн тунгаан, аливаа зүйлд хэт их ачаалал өгч өөртөө стрессийг үүсгэхгүй байх нь эрүүл амьдрахын бас нэгэн тулгуур хүчин зүйл юм.

4. Үнэ өртөг

Зааланд очиж дасгал хийх, эрүүл ногоо худалдаж авах зэрэг нь дийлэнх хүмүүст үнэтэй санагддаг тал бий. Тэгвэл танд өөрийнхөө өдрийн хэрэгцээг нэг тооцож үзэхийг санал болгож байна. Дараагаар нь өөрөөсөө “Эдгээр зүйлс миний эрүүл амьдралын хэв маяг гэсэн зорилгод маань нийцэж байна уу?” гэж асуугаарай.

Дасгал хөдөлгөөнийг заавал зааланд хийх шаардлага байхгүй. Гэртээ, ажил дээрээ, хамгийн энгийнээр гэр лүүгээ алхах, цахилгаан шатны оронд шат ашиглах зэргээр үе мөч булчингуудаа хөдөлгөх боломжтой.

5. Хойшлуулах

“Даваа гарагаас л эхэлнэ”, “Дараа сараас/жилээс л эхлэе”, “Мөнгөтэй болохоороо, завтай болохоороо…” Эдгээр үгсийг тоймгүй олон удаа хэлж байсан ч одоо болтол эхлээгүй байгаа юм биш биз дээ? Өөрчлөлтийг хийхэд заавал шинэ долоо хоног сар жил боломжтой өдрийг хүлээх шаардлага байхгүй. Та яг одоо ч эхлэх боломжтой. Аяга ус аваад уу, 5 минут гүнзгий амьсгалаад гарга, хэдхэн хором өөртэйгөө ярилц. Өөрчлөлт нэг л өдөр гэнэт болчихдоггүй. Бага багаар, алхам алхмаар урагш хөдөлж, бүтэээдэг зүйл.

Эх сурвалж