Зөвхөн тамирчид л дасгал хийж, зөв хооллодог. Учир нь тэд мэргэжлийн тамирчид болохоор… Зогс одоог хүртэл зөвхөн тамирчид булчинтай, олны танил хүмүүс гуалиг байдаг гэж бодож өөрийгөө тайвшруулдаг юм биш биз?
Бид бүгд эрүүл чийрэг бие, булчинлаг гуалиг галбиртай, аз жаргалтай байх боломжтой. Хэрвээ та тийм байж чадахгүй бол зөвхөн танд эхлүүлэх зориг, тууштай байдал дутагдаж байгаа хэрэг. Таны шүтэж харсан тэдгээр хүмүүс ч бидний туулах замыг тойрч биш дайрч өнгөрсөн. Тэд ч бас залхуурсан, гэмтсэн, шантарсан, бууж өгсөн. Хамгийн гол нь тууштайгаар цааш үргэлжлүүлсээр одоогийн өндөрлөгт хүрээд байгаа билээ.
Эрүүл, аз жаргалтай, жиндээ хүрч, түүнийгээ барьж чаддаг хүмүүс бие биетэйгээ ижил төстэй зуршилтай болдог. Эдгээр эрүүл зуршлууд нь хэдий маш энгийн ч гэсэн олон жилийн турш эрүүл амьдралын хэв маягийг удирдан чиглүүлэх боломжийг олгодог.
Өнөөдөр би эрүүл хүмүүсийн эдгээр зуршлыг эмхэтгэсэн бөгөөд ингэснээр бид бүгд өөрсдийн дадал зуршлаа хамгийн эрүүл байхын тулд дасан зохицож чадна.
- Өглөөний цайг бүү алгас
Тухайн өдөр ямар байх нь өглөөг хэрхэн угтахаас шалтгаалдаг. Өглөөний цай нь өдрийн идэх ёстой хоол хүнсний хамгийн чухал хэсэг юм. Өглөө эрт хоол идсэнээр бодисын солилцоо эрт эхэлж, тархины үйл ажиллагаа хэвийн явагдах, өндөр бүтээмжтэй ажиллаж зэрэг олон сайн талтай.
Харин өглөөний цай ууж чаддаггүй хүмүүсийн хувьд ихэвчлэн завгүй, амждаггүй, өглөө юм идэх хүсэл төрдөггүй, эсвэл юу идэхээ сайн мэддэггүй гэдэг. Өглөө хоол идэх хүсэл төрөхгүй байх нь өмнөх орой ямар хоол идсэнтэй холбоотой. Тиймээс унтахаасаа 2-3 цагийн өмнө хөнгөн хэлбэрийн хоол идэх нь тохиромжтой байдаг. Орой хүнд хоол идвэл бодисын солилцоо удааширч, хоолоо боловсруулж чадахгүйн улмаас өглөө хоол идэх дуршил төрдөггүй.
2. Ус их уух.
Хүний биений 60% нь уснаас тогтдог бөгөөд энэ нь амьсгал, хөлс, шээсээр байнга гадагшилж байдаг тул үүнийг заавал нөхөж байх шаардлагатай. Ус уух нь таны биеийн шингэний тэнцвэрийг хадгалахад тусалдаг бөгөөд хэрэв ус дутагдвал толгой өвдөх, гэдэсний үйл ажиллагаа удаашрах, ядрах, жин нэмэх, арьсны эрүүл байдал алдагдах зэрэг сөрөг нөлөөтэй.
Хүн бүрийн бие махбод, орчин, ажил амьдралын хэв маяг ялгаатай тул заавал 2 л ус уух шаардлагагүй. Мэргэжилтнүүд биеийн жингийнхээ 1 кг бүрт 30 мл шингэн тооцож хэрэглэхийг зөвлөдөг ба үүнд биеийн жин, өндрөөс гадна цаг агаарын хэм, хөдөлгөөний идэвх, биеийн эрүүл мэндийн байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж хүн бүрийн өдөрт уух хэрэгтэй шингэний хэмжээ ч мөн ялгаатай байх тул өөрийн амьдралын хэв маягт тохируулж тооцоолох хэрэгтэй.

3. Эрүүл зөв хооллох.
Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр аманд орсон хоол залгигдах хүртэл дунджаар 3-9 секундын турш амны хөндийд боловсрох ёстой бөгөөд энэ нь 20-30 удаа зажлас хугацаа юм. Амны хөндий нь хоол хүнсийг жижиглэн бутлах, шүлстэй холин гулгамтгай болгох үүрэгтэй бөгөөд хоолны зүйлийг дутуу зажлан бүхлээр нь залгиснаар ходоодон дахь боловсруулалтыг удаашруулдаг байна.
4. Хангалттай сайн унтаж амрах
Унтах болон дархлааны тогтолцоо болон тархины үйл ажиллагааны хооронд хүчтэй холбоо байдаг..Нойрсох үед хүний тархинд мэдээллийг ангилж, хэрэгтэй зүйлсийг урт хугацааны ой санамжинд хадгалах үйл явц өрнөдөг. Мөн дараагийн өдрийн турш ашиглагдах энергийг бүрдүүлж нөөцлөдөг бөгөөд нойр дутуу явах нь ядрах, стрессдэх, таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчин тусах эрсдэл дагуулдаг.

5. Тогтмол дасгал хийх
Долоо хоногт багадаа 150 минут дасгал хийхийг зориорой. Энэ нь заавал заал, фитнессд явах бус алхах, гүйх, усанд сэлэх, гэртээ бүжиглэх зэрэг идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь л чухал. Дасгал хийх нь жингээ барих, бодисын солилцоог дэмжих, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжихэд тусалдаг төдийгүй суурин амьдралын хэв маягийн үр дүнд өвчин тусах эрсдлийг бууруулдаг.

6. Сэтгэцийн эрүүл мэндээ анхаарах
Сэтгэцийн тогтвортой байдал нь бидний зан төлөв, өдөр тутмын үйлдэл, шийдвэр, өдрийн бүтээмжинд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Тиймээс эрүүл байхын тулд сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах цаг гаргах нь булчин ачаалласан дасгал хийхтэй адил чухал.
Бидний сэтгэцийн эрүүл мэнд бол бидний идэх, унтах зуршилд нөлөөлдөг зүйл бөгөөд бидний бие махбодийн эрүүл мэндтэй маш их холбоотой байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн хэрэгцээгээ шийдвэрлэх нь чухал, эс тэгвээс бид эрүүл мэндийнхээ бусад салбарт ч үүний нөлөөг мэдрэх болно.-Bisma Anwer-

7. Тамхи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь элгэнд хэт ачаалал өгөх ба үүнээс шалтгаалж элэгний хатуурал цаашлаад хорт хавдар үүсгэдэг бөгөөд үүнээс гадна сэтгэн бодох чадварыг бууруулж, осол, гэмтэлд хүргэдэг.
Тамхи татах нь дэлхий даяар уушгины хорт хавдрын тэргүүлэх шалтгаан болдог бөгөөд тамхины хорт утаа нь бидний эд эрхтнүүдийг хордуулан өвчлүүлээд зогсохгүй эргэн тойрны хүмүүст дам тамхидалтаар сөрөг үр нөлөө үзүүлдэг.

8. Дэлгэцийн цагаа багасгах
Ухаалаг утас хэрэглэгчид дунджаар өдөрт 150 удаа гар утасныхаа түгжээг тайлдаг. (Internet trends) Техник технологийн хөгжил хурдацтай явагдаж байгаа энэ үед хүн бүр ухаалаг төхөөрөмж гартаа барих болсо. Бидний бусадтайгаа амьд харилцаа өрнүүлэх цаг хугацаа ч мөн адил хурдацтайгаар буурсаар л байна. Өдөр бүр, цаг минут тутамд сошиал медиагаа шалган, хэн нэгний тухай шар мэдээ, идсэн хоол, хийсэн хөдөлгөөнийг харж суух нь бидэнд тийм ч их ач холбогдолгүй. Дэлгэцний хамаарал бидний сэтгэцийн тогтвортой байдлыг алдагдуулахын зэрэгцээ, нүд арьсанд ч сөрөг нөлөө үзүүлнэ.

9. Шинэ зүйл сурах
Шинэ ур чадвар нь таны тархийг эрүүл байлгахад туслах бөгөөд бүжиг, хэл, спорт, гар урлал зэрэг өөрийн оролдож үзэх хүсэлтэй байгаа зүйлсээ харамсалгүйгээр хийгээрэй. Энэ нь оюуны хөдөлмөр хийлгэх нэг арга бөгөөд ингэснээр хөгжрөлтийн явц удааширч зөнөх буюу Альцгеймирийн өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулна.

10. Аль болох их инээ
Инээмсэглэл бол өөрийгөө баярлуулах хамгийн хялбар арга бөгөөд бусдад өгөх хамгийн том үнэгүй бэлэг. Инээх нь аз жаргалын дааврын ялгаралтаыг өдөөснөөр хөдөлгөөний идэвх, стресс, түгжүүр, сэтгэлийн хямрагыг бууруулдаг.

Эх сурвалж:
www.medicinenet.com - What are 10 tips for a healthy lifestyle
www.nifs.org - 10 healthy habits of fit people
www.webmd.com - Twelve habits super healthy people
www.livingmagazine.net - 7 healthy habits healthy life
www.talkspace.com Why is mental health important
