Эрүүл мэнд суурь ойлголтууд

Эрүүл мэнд суурь ойлголтууд Эрүүл мэнд гэдэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор хүн зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн сайн сайхан байдлын цогц бүрд…

Эрүүл мэнд гэдэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор хүн зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн сайн сайхан байдлын цогц бүрдэл юм.

Эрүүл байхын тулд:
Биеийн эрүүл мэнд, Сэтгэцийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэндийн талаас олон хүчин зүйл нөлөөлдөг.

Биеийн эрүүл мэнд гэдэг нь тухайлсан үүрэг бүхий, харилцан уялдаатай эд, эрхтэн тогтолцоонуудын хэвийн үйл ажиллагааны төлөв байдал юм.
Биеийн эрүүл мэндийн хэмжүүр:
Зөв зохистой хооллох, Зөв хувцаслах, Орон байртай байх, Эрүүл мэндээ хамгаалах, Осол гэмтлээс сэргийлэх.

Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь хувь хүн өөрийн чадвараа ухамсарлаж, амьдралын ердийн стрессийг даван туулж, үр бүтээлтэй ажиллаж чаддаг түүний нийгэмд оруулсан хувь нэмэр.
Сэтгэлзүйн эрүүл мэндийн хэмжүүр:
Бие биенээ хайрлах, Итгэлцэх, Бие биенээ хүндэтгэх, Өөрийгөө бусдаар үнэлүүлэх, Бусадтай нийлэмжтэй байх.

Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь хүн амыг өвчин эмгэгээс сэргийлэх, тэдний амьдралыг уртасгах, эрүүл мэндийг дэмжихэд олон нийтийн оролцоог үр дүнтэй зохион байгуулах шинжлэх ухаан.
Нийгмийн эрүүл мэндийн хэмжүүр:
Гэр бүлийн гишүүн байх, Нийгэм хамт олны нэг байх, Гэр бүл, найз нөхдөөсөө дэмжлэг авах, Сэтгэлээ хуваалцах найз нөхөдтэй байх, Бүтээлч ажилчин байх, Олон нийтийн ажилд оролцдог байх, Нэр хүндтэй байх, Хариуцлагатай эхнэр, нөхөр байх, Хариуцлагатай эцэг, эх байх

Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100% гэж үзвэл хувь хүний амьдралын буруу хэвшил нь 60%-ийг нь эзэлдэг.
Амьдралын буруу хэвшилд зохисгүй хооллолт, муу зуршил, идэвхгүй хөдөлгөөн зэрэг багтдаг.
Үүнээс харахад хүний эрүүл мэндийн асуудалд бидний амьдралын хэв маяг буюу бидний ухамсар хамгийн их нөлөөлж байдаг. Бид амьдралын хэв маягаа өөрчлөхийн тулд эрүүл мэндийн мэдлэгтэй байх, мөн үр дүн дагаврыг тооцоолж чаддаг байх шаардлагатай.

Эрүүл мэндийн буюу эрүүл амьдралын энгийн томъёо:
1.СТРЕСС-ийг эрс багасгах
Ямар ч аргаар байж болно – инээд хөөр, эерэг сэтгэл хөдлөл, бясалгал, сэтгэлийн тэвчээр… Стрессийн эсрэг хана хэдий чинээ бат бөх байна төдий чинээ амьдралын чанар сайжирна.

2.НОЙР-ыг ихэсгэнэ
Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт юм.
Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм.
Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоосон байдаг..
Сая төрсөн нярай- 22-23 цаг
2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
8-10 насны хүүхэд-10-11 цаг
11-12 насны хүүхэд- 10 цаг
13-14 насны хүүхэд -9.5 цаг
15-16 насны хүүхэд -9 цаг
17-18 насны хүүхэд -8.5 цаг
Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай аж.

3.ХООЛ-оо зохицуулна
Эрүүл хоол хүнсийг зөв цагт, зөв хэмжээгээр буюу тэнцвэртэйгээр хэрэглэсэн цагтаа л та өөрийгөө эрүүл хооллож байна гэж үзэж болно.

Та өвдсөн хойноо бус өвдөхөөсөө өмнө эрүүл мэндийн мэдлэгтэй байж өөрийн амьдралын хэв маягаа эрүүлээр удирдан чиглүүлж ганц өөрийгөө ч бус гэр бүлээ хамгаалаарай.
Өөрөөр хэлбэл эрүүл мэнд гэдэг нь эрүүл байх мэдлэгийг эзэмшиж амьдралдаа хэрхэн хэрэгжүүлсний үр дүн гэж ойлгож болно.

Эх сурвалж:

http://Www.itoim.mn Эрүүл монгол
https://nlic.mn/ Эрүүл мэнд
https://delgeen.com/ Эрүүл мэнд