Хорвоо ертөнцөд мэндэлсэн цагаасаа эхлээд л хүүхдийн хөгжилд ихээр нөлөөлдөг хамгийн ойрын нийгмийн бүлэг хүмүүс бол мэдээж гэр бүл.
"Гэр бүл гэдэг нь хамтдаа амьдардаг, бие биетэйгээ ямар нэгэн холбоотой (цусан холбоотой, гэрлэсэн г.м.) бүлэг хүмүүс буюу амьтдыг (зарим амьтад нь үр төлөө асарч гэр бүлтэй төсөөтэй зүйлийг бүрдүүлдэг) хэлнэ. Гэр бүлийн анхдагч үүрэг нь үр удмаа нөхөж үйлдвэрлэх, өсгөж хүмүүжүүлэх явдал байдаг."
Нэгэнт л өөрсдийн "үр" удмыг үлдээж байгаа бол тэр үрийг насанд, 18 нас хүртэл нь бие бялдарын, оюуны, сэтгэл зүйн гэх бүхий л талаас нь хөгжихөд нь эцэг эх бүрэн хариуцаж хувь нэмрээ оруулна.
“Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө “гэсэн зарчим нь гэр бүлийг хүчирхэг болгодог. Гэр бүлийн харилцааг гэр бүлийн гишүүд бие биентэйгээ ярилцаж, аль болох аливаа асуудлыг хамтдаа даван туулахыг хамтдаа эрмэлзэснээр цаашид гарч болох асуудлуудаас зайлхийхэд тусална. Хүн гэдэг амьтан өөрөө заримдаа хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргаж, бусадтай харилцаагаа сэвтээн, бүтээсэн амьдралаа нураах үндсийг бага багаар тавьж "ургуулж" байдаг.
Жишээлбэл, Монгол улсын хувьд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг нь 2019 онд 985 байсан бол 2020 онд 1138 болж, нийт 15.5 хувиар өсчээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын дурьдснаас үзвэл гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн гэр бүл дэхь үл ойлголцол, санхүүгийн дутмаг байдлаас болдог байна. Гэр бүл болгонд л өвчлөл, ажилгүйдэл, архидалт, гэмтэх, хайртай хүнээ алдах гэх мэт ямар нэгэн асуудал, зөрчил байдаг.Тухайн тулгамсан асуудлыг даван туулан нөөц боломжийг тооцон илрүүлж, түүн дээрээ хэрхэн “дөрөөлж” гарах талаар гэр бүлээрээ ярилцан арга тактикаа боловсруулалцаж байх нь гэр бүлийн харилцааны гол цөм. Үүнээс үзвэл бидэнд ямар нэгдмэл хүсэл сонирхол байна гэдгээ ойлголцох нь эерэг үр дүнд хүргэж, цаашдаа гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл үүсэхээс сэргийлж болно. Гэр бүлийн салалт, хүчирхийлэлийн хохирогчид нь дан ганц гэр бүл зохиосон эхнэр нөхөр хоёр бус үр хүүхэд нь ч мөн хохирон үлддэг. Жил ирэх тусам шинэ гэр бүл гэхээсээ илүүтэйгээр салалт, асрамжын газрын тоо хэмжээ өссөөр л...
