Хөдөлгөөн хийх нь хүний биед яагаад чухал вэ?

Хөдөлгөөн хийх нь хүний биед яагаад чухал вэ? Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг нь зүрхний цохилт олширсон, амьсгалын тоо нэмэгдсэн, хөлс гарч хөлрөх хэмжээний эрчимтэй хөдөлгөөнийг хэлнэ. Өдөр бүр 30-6…

Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг нь зүрхний цохилт олширсон, амьсгалын тоо нэмэгдсэн, хөлс гарч хөлрөх хэмжээний эрчимтэй хөдөлгөөнийг хэлнэ.

Өдөр бүр 30-60 мин эсвэл 7 хоногт 2.5-5 цаг орчим дунд зэргийн эрчимтэй буюу зүрх, амьсгалын тоо нэмэгдсэн, бодисын солилцоо эрчимжих хэмжээний дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй гэж ДЭМБ тодорхойлсон байдаг.

Харин энэхүү дасгал хөдөлгөөн хийх нь хүний биед яагаад чухал вэ?
Тогтмол идэвхитэй хөдөлгөөнтэй байх нь архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн 2-р төрөл, цус харвалт, хавдар, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ас холбогдолтой.
Үүгээр зогсохгүй дасгал хөдөлгөөн хийснээр булчингийн эд эсэд хүчилтөрөгч, тэжээлийн бодисын хэрэгцээ хэд дахин нэмэгддэг. Энэ хэрэгцээг хангахын тулд симпатик мэдрэл эсвэл эргэх холбоогоор зүрхний цохилт нэмэгдэж, амьсгалын тоо олширч, цусны эргэлтийг сайжруулах симпатик мэдрэл идэвхждэг. Эцсийн үр дүнд булчингийн эд эс гэлтгүй биеийн эд эсэд исэлдэн ангижрах урвал эрчимтэй явагдаж бодисын солилцоо сайжирдаг юм. Улмаар булчингийн эд эсэд дулаан үүсэлт нэмэгдэж, дулаанаа гадагшлуулахын тулд хөлөрч хөлс ялгарна. Ингээд идэвхтэй дасгал хөдөлгөөний нөлөөгөөр бие махбодын бодисын солилцоо сайжирч эд эс сэргэж нөхөн төлжиж байдаг. Мөн бодисын солилцоо сайжирч цусны эргэлт эрчимжсэнээр судсанд агуулагдах улаан эс, дархлааны цагаан эс хөдөлгөөнд оршиж идэвхтэй төлөвд шилждэг. Тухайлбал, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд амьсгалын тоо нэмэгдэж уушигны агааржилт сайжирдаг. Эдгээр зүйлийн нөлөөгөөр цусанд дархлааны цагаан эс, эсрэгбие цусны эргэлтэнд орж гадны халдварт өртөх эрсдлийг бууруулна. Энэ нь дасгал хөдөлгөөн нь дархлааны тогтолцоог сэргээдэг гэсэн үг юм.
Дасгал хийж байхад болон дасгал хийсний дараа тэр ч бүү хэл дасгал хийснээс хойш сар, жилийн дараа хүний биед ямар өөрчлөлт гардгийг сонирхуулъя .

1. ДАСГАЛ ХИЙЖ БАЙХ ҮЕД

  • Бодисын солилцоо идэвхжинэ.
  • Цусны эргэлт түргэснэ.
  • Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж минутанд 8 литрээс 100 литр болж өснө.

2. ДАСГАЛ ХИЙГЭЭД ДӨНГӨЖ ДУУССАНЫ ДАРАА

  • Бие организм уураг болон нүүрс усыг энгийн үеийнхээс 4 дахин хурдан шингээнэ. Тиймээс та түргэн хугацаанд илүүдэл жингээс салах болно
    Тархи мөн аз жаргалын гормон болон эндорфиныг ихээр ялгаруулна.

3. ДАСГАЛ ХИЙСНЭЭС ХОЙШ ХЭДЭН ЦАГИЙН ДАРАА

  • Өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх байдал эрс нэмэгдэнэ.
  • Цусны даралт хэвийн байдалд орно.
  • Нойр хулжихаа болино.

4. ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙДЭГ БОЛСНООС ХОЙШ ХЭДЭН 7 ХОНОГИЙН ДАРАА

  • Уушигны чадамж эрс дээшилнэ.
  • Зүрхний цусан хангаж эрс сайжирна.
  • Эрч хүчтэй болно.
  • Улаан эсийн харах талбайд үзэгдэх тоо 5 саяас 6 сая болж нэмэгдэнэ.
  • Дархлаа сайжирна.
  • Таны бие өөхийг хадгалж хуримтлуулахаа болино.

5. ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙДЭГ БОЛСНООС ХОЙШ ХЭДЭН САРЫН ДАРАА

  • Стресс уур бухимдлаас ангижирна.
    Булчингийн хэмжээ нэмэгдэж яс бэхжинэ.
  • Мэдрэлийн систем илүү хүчирхэг тэнцвэртэй болж бодож сэтгэхэд сайнаар нөлөөлнө.

6. ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙДЭГ БОЛСНООС ХОЙШ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА

  • Таны нас уртсаж, илүү урт удаан хугацаанд эрүүл саруул амьдарна.
  • Мөн удаан хугацааны туршид залуу насаа хадгалж үлдэнэ.

Ном зүй:
http://cardiocenter.telemedicine.mn/show/186 Дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдол

https://ikon.mn/opinion/1ul6 Дасгал хөдөлгөөн