Хүнсний аюулгүй байдал

Хүнсний аюулгүй байдал Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал алдагдах олон шалтгаан байдаг бөгөөд эдгээрээс сэргийлж эрүүл, зөв хүнсийг хэрэглэх нь зайлшгүй чухал билээ.…

Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал алдагдах олон шалтгаан байдаг бөгөөд эдгээрээс сэргийлж эрүүл, зөв хүнсийг хэрэглэх нь зайлшгүй чухал билээ. Тиймээс хүнсний аюулгүй байдлын талааарх мэдээллийг хүргэж байна.

"Хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжих хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг хэлнэ. Харин "Хүнсний аюулгүй байдал" гэж хүн амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байх хэмээн тодорхойлсон байдаг.
Хүнсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд:
- Хүртээмж
-Хэрэгжүүлэлт
-Тогтвортой байдал
-Хэрэглээ зэрэг ордог байна.

Хүнсний аюулгүй байдал алдагдах шалтгаануудад:
1. Биологийн бохирдол
Нянгууд хаа сайгүй бидний нүдэнд харагдахгүйгээр агаар, ус, хөрс, хүнс, гадаргуу, хүн, амьтан бидний хүрээлэн буй орчинд оршиж байдаг. Хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах үед гадаад орчноос бичил биетнээр бохирдох, хүнсийг буруу горимоор удаан хугацаагаар хадгалах, хүнсийг бэлтгэж, боловсруулж буй сав, хэрэгсэл хүний гараар дамжин бохирдох, хүнсийг түүхий, дутуу боловсруулж хэрэглэх зэрэг нь биологийн бохирдол буюу нян, бичил биетнээр бохирдох үндсэн шалтгаан болж өгдөг.

2. Химийн бохирдол
Хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх явцад хадгалах хугацааг уртасгах, шинж чанарыг удаанаар барих зорилгоор хүнсний нэмэлтүүд болон химийн гаралтай бордоо зэргийг хүнс үйлдвэрлэлд зориудаар ашигладаг. Түүнчлэн малын өсөлттйг сайжруулах, элдэв халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор эм, тарилга, антибиотик мөн хүнсний ногоо, жимс, жимсгэний ургалтыг түргэсгэх, гарцыг сайжруулах, хортон шавьж, мэрэгчээс хамгаалан олон төрлийн пестицид, химийн бодис, бордоо болон бусад бэлдмэлүүдийг хэрэглэдэг. Эдгээрийн давуу тал нь хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүний гарцыг 20%-60% нэмэгдүүлдэг хэдий ч байгаль, экологи, хүн амьтанд сөрөг нөлөөтэй байна.

3. Физик бохирдол
Хүнсэнд физик шинж, чанартай бохирдол болох үс, хялгас, мод, чулуу, төмрийн үртэс, шил, хуванцрын хэлтэрхий зэрэг нь сав баглаа боодол, түүхий эдийн ангилан, ялгалт, хадгалалт, тээвэрлэлт, ургац хураалт, мөн үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт тохиолдох боломжтой.

4. Технологийн дэвшлээс үүдсэн бохирдол
Энэ нь цацраг болон хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний шинж чанарт өөрчлөлт бий болж, хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлэх магадлалтай. Генийн инженерчлэлийн аргаар хүнсний түүхий эд болон бүтээгдэхүүний шинж чанар өөрчлөгддөг.

Эдгээрээс харахад бидний хоол хүнсний чанар,аюулгүй байдал алдагдах шалтгаан цөөнгүй байдаг байх нь тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангах арга зам нь:
- Хүнсний тухай хууль, хүнсний аюулгүй байдлын тухай хууль
- Хүнсний бүтээгдэхүүний стандарт
- Эрүүл ахуйн зохистой дадал, үйлдвэрлэлийн зохистой дадал/ GHP, GMP/
-Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо /HAC-CP/

Эх сурвалж: Хоол зүй шим судлал гарын авлага УБ 2019 он