Энэхүү блогтоо би "Empowering Girls in Tech" дадлагын хөтөлбөрийн талаарх өөрийн хүлээлт, сэтгэгдлээ бичлээ.
Би анх “Empowering girls in Tech” дадлагын хөтөлбөрийн талаар олж мэдээд баярласан. Учир нь энэхүү хөтөлбөрт оролцон өөрийн сонирхож буй чиглэлээрээ дадлага хийх нь миний хувьд асар том боломж, адал явдал, сорилт юм.
Орчин үед EQ буюу харилцааны ур чадвар ямар чухал болохыг хүн бүхэн мэддэг болсон. Тийм ч учраас миний эхний зорилго бол өөр өөр орчин, өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй танилцаж, багаар ажиллах болон харилцааны чадвараа хөгжүүлэх юм. Мөн дадлагын хөтөлбөрийн тусламжтай ажил хэрхэн явагддагийг газар дээрээс нь харж, ажлын байрны ёс зүйн талаар ойлголттой болсноор тулгарсан аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга барилд суралцан, өөрийн хичээл зүтгэл болон баг хамт олны тусламжтайгаар даван гарна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Дэлхий даяар технологийн салбар хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан ирээдүйд технологийн мэдлэгтэй мэргэжилтэн илүү давуу талтай, эрэлттэй байна гэж би боддог. Иймээс би мэдээлэл технологийн ертөнцөд хөл тавиад удаагүй байгаа ч сүүлийн нэг жилийн хугацаанд тогтмол суралцаж ирсэн. Өөрийн сурч мэдсэн онолын мэдлэгээ практик дээр хэрэгжүүлэн, туршлага хуримтлуулах нь миний нэн тэргүүний зорилго болоод байгаа. Харин энэхүү хөтөлбөр нь технологийн салбарын чадварлаг мэргэжилтэнгүүдтэй ойр ажиллаж, тэднээс олон талын ур чадвар, шинэ мэдлэгт суралцаж, туршлага хуримтлуулах боломжийг надад олгох болно. Энэхүү мэдлэг, туршлага нь арван жилээ хараахан төгсөөгүй байгаа надад ирээдүйд илүү олон боломжийн үүд хаалгыг нээж өгнө гэж би бүрэн итгэж байгаа.
