Маш их зүйлс сурсан гэдгээ өөрөө ч мэдээгүй байж...

Маш их зүйлс сурсан гэдгээ өөрөө ч мэдээгүй байж... Pilot 4 дадлагын хөтөлбөрийн идэвхгүй, оролцоотой муу гишүүн байсан өөрийгөө зургаан сарын дараа эргээд харахад юу юуг өөрөө ч мэдэлгүй ухаарч, сурч…

Pilot 4 дадлагын хөтөлбөрийн идэвхгүй, оролцоотой муу гишүүн байсан өөрийгөө зургаан сарын дараа эргээд харахад юу юуг өөрөө ч мэдэлгүй ухаарч, сурч авснаа эргэцүүлсэн бодрол.

“Бүгдийг юу ч болж байсан чадна, амжуулна” гэсэн гэнэн ч гэх юм уу, хэт дэврүүн бодолтой байсан би ахлах сургуулиа дөнгөж төгсөж байсан үе. Багаасаа л хаана ч очсон хамгийн идэвх зүтгэлтэйгээрээ гайхагдаж, арван жилээ төгсөхдөө ч хэд хэдэн хөтөлбөр, дадлагажигчаар давхар төгссөн тул оюутан болчхоод ёстой жинхэнэ бүхнийг туршиж, оролдож үзнэ гэж бодож байв. Төгссөн даруйдаа шууд англи хэлний багш, орчуулагчаар ажилд орсон байсан ч сошиал медиа дээрх “Calling for Interns!” гэх зарыг харсан даруйдаа шууд л элсэж орохыг хүссэн минь энэхүү "Pilot 4" хөтөлбөр дэх аяллын минь эхлэл болж өгч билээ.

Тухайн үед “Чадна аа, чадна аа гээд байвал чадна аа” гэсэн бодолтой гүйж явсан би Анагаахын их сургуульд Их эмчийн хүнд ангийн оюутан болсон цагаас бодит байдалтайгаа нүүр тулж, үнэхээр хичээсэн ч чадахгүй үе гэж байдаг гэдгийг ухаарч авсан. "Ямар ч зүйлийн арга нь олдчихно доо" гэсэн бодолтойгоор ажил хэргүүдээ зүгээр л ирээдүйд даатгаад, найдаж үлдээх хэчнээн хортой гэдгийг тэр үед огт мэддэггүй байжээ. Хүн ирээдүйгээ тодорхой мэдэх боломжгүй ч ядаж л ойрын хугацаан дахь төлөвлөгөөгөө бодитой бөгөөд тодорхой гаргаж, түүндээ үнэнч байж гэмээн тухайн ажлуудаа чанартай, үр дүнтэй хийж дуусгадаг юм байна.

Тийн явсаар нэг л мэдэхэд хөтөлбөрийнхөө хамгийн сул, оролцоо муутай гишүүн болчихсон өөрөөсөө маш их ичиж билээ. Хэдий энэ бүхнээ ингээд бичээд суух нь миний хувьд маш санаа зовмоор, нуугаад л үлдээмээр тохиолдол ч гэлээ дараа дараагийн дадлагажигч залуус миний энэхүү алдааг дахин битгий давтаасай гэсэндээ юуг ч нууж хаалгүй хэлэхийг хүсэж байна. Юун түрүүнд хүн хүрээлэн орчин, өөрийн харилцаж байгаа хүн бүрээсээ асар их зүйлийг сурч болдог бөгөөд өөрөө анзаараагүй байсан ч эргэн тойрныхоо нөлөөнд автаж байдаг. Хэдий дадлагажигч бусад залуустайгаа хангалттай их уулзалдаж чадаагүй ч онлайн ярилцлага, хичээл, тэдний хийж байгаа зүйлсээс нь өөрт шингээж авахаар зүйл бүр маш их байсныг хэлэх хэрэгтэй байх. Урдах зүйлсийнхээ ард гарч чадахгүй сандарч гүйхэд үеийн минь бусад залуус ямар ихийг амжуулж, хийж бүтээгээд, идэвх зүтгэлээ гаргаад явж байгааг харах намайг гайхшируулахын зэрэгцээ хичээх хүслийг минь өдөөж өгсөн гэх юм уу даа.

Бүх зүйлс толгойн дээр овоорон яахаа мэдэхгүй болж, багийнхаа гишүүддээ ч хариуцлагатай хандахад хэцүү тэр үеүдэд л үүрэг хариуцлагын тухайд, амлалтын тухайд, багийн гишүүдийн итгэлийн тухай маш олон зүйлийг суралцжээ. Ингэснээр энэхүү дадлагын хөтөлбөр жинхэнэ томоохон хэмжээний ажлын байр, төслийн багийн хариуцлагат гишүүн болохоос өмнө энэ бүхнийг эрт дээр нь таниулан мэдүүлсэнд нь талархаад баршгүй.

Хөтөлбөрийнхөө явцад хамт олон гэж ямар байдгийг, байгууллагын дотоод соёлын талаарх ойлголтуудыг анх удаа авч, багийн тоглогчийн мэдрэмжийг мэдэрч үзсэн. Өмнө нь сургууль дээрээ буюу бие даалтын ажил хийхэд л хүчээр шахуу бусадтай баг болж, улмаар өөрөө хамаг юмаа хийсээр таарна. Ажлын байран дээр гарсны дараа ч багаар ажилладаг ажилд ороогүйн улмаар огт жинхэнэ багаар ажиллаж үзээгүй байсан надад энэ бүх үйл явц маш сонирхолтой өгөөжтэй байсан юм шүү. Зөвхөн өөрийн хийх зүйлсээ л хийгээд явах биш бусдын өмнө, ялангуяа багийн хамт олныхоо өмнө хариуцлага хүлээх их том зүйл байдаг юм байна. Одоо ийн бүх үйл явц дуусан өнгөрсний дараа эргээд өөрийгөө хараад “Тэдэнд илүү ихээр тусалж, чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулсан бол..” гэх гэмшил хүчтэйгээр төрж буй тул минийх шиг ийм алдаа бүү гаргаарай гэж дараа дараагийн үеийн дадлагажигч залуус нартаа хичээнгүйлэн захимаар байна.

За одоо хамгийн сүүлийн хэсэг. Би энэ хөтөлбөрийн хүрээнд нүдэнд харагдаж, яг “энийг” гэж хэлж чадахуйц юу юуг сурсан бэ?

Юун түрүүнд огт ашиглаж үзээгүй олон хэрэгслүүд, тухайлбал харилцаа холбоондоо Messenger, mail зэргээс хэтэрдэггүй байсан надад Slack, Telegram зэргийг ашиглаж үзсэн нь их шинэлэг байлаа. Цаашлаад Mailchimp дээр newsletter бичих үйл явц ямар байдгийг харж, Canva-г хичээлийн холбогдолтойгоор багахан л ашигладаг байснаа "Team" төрлөөр нь илүү сайн ашигладаг болов. Ингээд сүүлд нь сошиал медиа маркетингийн үеэр Facebook, Instagram зэргийн алгоритм хэрхэн ажилладгийг мэдэж авсан нь цаашдын ажил хэрэгт маань маш ихээр тус болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Мөн залуусын ажиллах хүч, зохистой хөдөлмөрийн талаар ойлголтын талаар анх удаа нарийвчилсан мэдлэг олж авах үйл явц яг л над шиг дөнгөж ахлах сургуулиа төгсөн их сургуулийн босгыг давж, анхныхаа ажлын байран дээр гарч үзэж буй нэгэнт үнэлээд баршгүй том мэдэгдэхүүн болж өгснийг дурдахгүй байхын аргагүй. Ахлах сургуулийнхаа хичээлийг амарсан даруйд элсэлтийн ерөнхий шалгалтынхаа үеэр хамгийн анх хөдөө зуслангийн багш (давхар англи хэлний багш, зохицуулагч)-аар ажиллаж, өглөө нүд нээснээс орой унтах хүртлээ огт амралтгүй ажиллах хэр нь хэт доогуур хэмжээний цалин авч, оройд нь хүйтэн, хатуу матрасан дээр газар унтаж явахдаа тэр бүхэн “зохисгүй” байсныг гадарлаа ч үгүй байх. “Сургуулиа төгсөөд удаагүй байхад харин ч олдсон нь их юм! Юу ч болж байсан нь зүгээр ээ.” гэх хэт гэнэн бодолтой явсан гэдгээ залуусын хөдөлмөрийн тухай тэр олон мэдээ мэдээллүүдийг авсан хойноо л ухаарсан болохоор Балжаа эгчид талархаад бардаггүй гэдгээ хэлэхийг хүслээ.

Эцэст нь хэлэхэд маш чанартай газраас хүн өөрөө мэдээ ч үгүй байсан ч асар ихийг сурч авдаг юм байна гэсэн бодол төрж байна. Энэ нь гэхдээ сайн зүйл биш бөгөөд харин тэр тусам нь би өөрөө илүү хичээл зүтгэлтэй байсан бол бүр хэлж дурдаад баршгүй ихийг сурч, мэдэж, ухаарч авах байсан хэрэг. Энэхүү хөтөлбөрт байсан үе миний амьдралын томоохон сургамж авч, бодролд оруулсан үнэ цэнтэй цаг хугацаа байсан гэдгийг чин сэтгэлээсээ хэлж, хамтдаа дадлагажин оролцсон үеийн залуус, зохион байгуулагч нартаа талархан баярлаж байгаагаа хэлэхэд таатай байна. Мөн Балжаа эгчдээ маш ихээр баярлалаа! Танаас би асар их эрч хүч, сахилга бат хийгээд хичээл зүтгэлийг сурч авсан бөгөөд та миний хувьд Role model, үлгэр жишээч эмэгтэй байхын сацуу хөтөлбөрийн турш олж авсан хамгийн том сургамж буюу аливаад чин сэтгэлээсээ, тууштай хандах хандлагын талаарх бүхнийг танаас сурч авсан юм шүү гэдгээ ахин хэлмээр байна. Бидэнд зориулсан бүхэнд тань сэтгэлийн гүнээс талархаж явах болно оо.

Sincerely,
Maral Nyam-Ochir, 2022.