
Дадлагад өнгөрүүлсэн эдгээр өдрүүд нь намайг хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа харааны бэрхшээлтэй иргэдийн амьдралыг маш ихээр ойлгож авсан өдрүүд байлаа. Энд ажилласан өдрүүдээ эргэн харахад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боломж гэдэг зүйл хэчнээн хязгаарлагдмал байдгийг би нүдээрээ харлаа.
Хэчнээн чадлаараа хичээсэн ч, бидэнд өдөр бүр байгалиас өгөгддөг боломжууд тэдэнд адил тэгш ирдэггүй гэдгийг мэдрээд, үнэхээр шударга бус санагдсан. Монгол Улсад өнөөдөр 107,904 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий бөгөөд энэ бол нийт хүн амын гурван хувь орчим хэмжээ гэхдээ энэ тоо зөвхөн статистик биш, харин 107,904 өөр өөр амьдрал, өдөр бүр жижиг, том асуудлуудтай тулгардаг юм байна аа гэдгийг би энд ажиллаж байж л жинхэнээр ойлголоо.
Хот орчны далд саад бэрхшээлүүд
Гадуур явахад л хүртээмжгүй зүйл олон байдгийг би анзаарч эхэлсэн. Хараагүй хүмүүст зориулсан тэмдэглэгээтэй зам нь гэнэт алга болчихдог, гэрлэн дохио, явган хүний гарц нь хүртэл хүртээмжтэй биш, автобус хэдийд буудал дээр ирэхийг урьдчилан мэдэх боломж байгаа ч харааны бэрхшээлтэй иргэд мэдэхэд маш хүндрэлтэй гээд дурдаад байвал дуусахгүй өдөр тутам тулгардаг асуудлууд орчин тойронд байдгийг өмнө нь мэддэг байсан ч яг энэ дадлагынхаа туршид л анх удаа биеэр мэдэрч, ойлгож, анзаарч эхэлсэн. Энэ бүх хүртээмжгүй байдлын төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх хувь нь өөрсдөө, эсвэл тэдний асран хамгаалагчид нь өдөр бүр ямар их тэмцэж байж, бага ч гэсэн ашигтай талыг олж авдгийг би харсан.

Хараагүйчүүдийн кафегаас олж авсан хичээл
Би зөвхөн төсөл, судалгаа, сайн дурын ажлууд хийгээд зогсоогүй хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа харааны бэрхшээлтэй хүмүүсийг ямар их тэсвэртэй, ямар их зүтгэлтэй хүмүүс болохыг харах боломж надад тохиосон. Тэд амьдралд бууж өгөлгүй, өдөр бүрээ өөрийн хичээл зүтгэлээрээ л олж авдгийг би нүдээрээ харж чадсан. Жишээлбэл Монголын хараагүйчүүдийн холбооноос үйл ажиллагаа явуулдаг кафед нэг өдрийн кэйтеринг ажилд туслахаар очсон тэр өдрийг би онцгойлон дурсдаг.
Тэнд ажилладаг хамт олон надтай зэрэгцэн зогсож, кофе цай зууш бэлтгэж, зочдод үйлчилж байсан ба тэдний ажилдаа ямар их хайртай, ажлаа ямар их сэтгэл зүрхнээсээ хийдэг нь тэдний кафегаа 9 жилийн турш тасралтгүй ажиллуулж илүү их сайжруулах юмсан гэсэн хүслээс нь харагдсан. Тэр цагаас хойш "Тусламж хэрэгтэй хүн" гэсэн миний толгойд байсан ойлголт “Илүү мэрийлттэй, илүү чадварлаг хүн” юм байна аа. Зөвхөн орчин, хүртээмжгүй байдал нь тэднийг хааж байдаг юм байна аа гэсэн ойлголт руу шилжсэн.

Тиймээс миний үеийн залуус болон ахлах ангийн суралцагчид, их сургуулийн оюутнууд минь төрөөс тэр бүр дэмжлэг үзүүлээд байдаггүй иргэний нийгмийн байгууллага, сайн дурын байгууллагад очиж тусламж дэмжлэг үзүүлж, мөн ажиллаж үзээсэй, бие биедээ тустай зүйлсийг хийгээсэй гэж хүсэж байна.
Эцэст нь IOM, YouthInc, мөн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоондоо миний харах өнцгийг өөрчилж, олон зүйлсийг сурч, ойлгож, ухаарсан ийм сайхан хоёр сарыг надад бэлэглэсэнд мөн эх орны маань хөгжлийн ирээдүйд хэрэгтэй мэргэжилтнүүдийг эх оронд нь ирж ажиллах боломжийг өгсөн та бүхэнд маш их баярлалаа.
