Монгол Диаспора дадлагын хөтөлбөр нь мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийгөө шинэ орчинд сорьж, бодит ажлын туршлага хуримтлуулах үнэ цэнтэй боломж байлаа. Үүгээр зогсохгүй олон оронд суралцаж буй оюутан, залуустай танилцаж, туршлага солилцон, шинэ нөхөрлөл бий болгох, салбар салбарын мэргэжилтнүүдээс үнэтэй зөвлөгөө, туршлагыг сонсох боломж олгосон нь хөтөлбөрийн бас нэгэн сайхан тал байв. Заримдаа богино хугацааны туршлага ч өөрийгөө болон цаашдын зорилгоо арай өөр өнцгөөс харахад хүргэдэг. Миний хувьд Mongol Diaspora дадлагын хөтөлбөр яг ийм аялал байлаа.
Уг хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвд өнгөрүүлсэн хугацаа надад мэдлэг, ур чадвараа бодит ажилтай холбохын зэрэгцээ өөрийн сонирхлыг ч шинэ өнцгөөс харах боломж өгсөн. Дадлагын хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг нь эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, газарзүйн мэдээллийн уялдаа холбоог өөр өнцгөөс харах явдал байв. Ялангуяа аливаа асуудлыг зөвхөн нэг талаас бус, олон хүчин зүйлийн уялдаа холбоонд авч үзэх нь илүү өргөн хүрээний ойлголт өгдөг. Өмнө нь зөвхөн тоо, мэдээлэл мэт харагддаг байсан зүйлсийн цаана газар нутаг, орчин нөхцөл, хүмүүсийн амьдралтай холбоотой илүү том дүр зураг гаргах нь надад сонирхолтой байлаа.

Богино хэдий ч дадлага маань миний хувьд ухаарал хайрласан аялал байлаа. Сурсан мэдлэг бодит асуудлыг ойлгож, шийдвэрлэхэд ашиглагдах үедээ хамгийн үнэ цэнтэй болдог гэдгийг энэ хугацаанд илүү ихээр мэдэрсэн. Эцэст нь энэхүү үнэ цэнтэй боломжийг олгосон IOM Mongolia Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, YOUTHINC болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олонд чин сэтгэлээсээ гүнээ талархаж байна!
