Mongol Diaspora: Шинэ зүйл сурсан найман долоо хоног

Mongol Diaspora: Шинэ зүйл сурсан найман долоо хоног Энэхүү хөтөлбөрийн хүрээнд би “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-д найман долоо хоногийн хугацаанд дадлага хийсэн. Эрүүл мэндийн салбарын байгууллагад аж…

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд би “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-д найман долоо хоногийн хугацаанд дадлага хийсэн. Эрүүл мэндийн салбарын байгууллагад ажилласан нь миний хувьд шинэ бөгөөд сонирхолтой туршлага байлаа.

Хөтөлбөрийн надад хамгийн их таалагдсан зүйл нь өөрийгөө бодит ажлын орчинд сорих боломж олгосон явдал юм. Онолоор эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэгжүүлснээр өөрийн давуу тал болон цаашид хөгжүүлэх шаардлагатай ур чадваруудаа илүү сайн олж харсан. Дадлагын явцад мэдээлэл цуглуулах, боловсруулах, ажлаа төлөвлөх зэрэг мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах, шинэ орчинд дасан зохицох чадвар мөн чухал байдгийг ойлголоо.

Хөтөлбөрийн хүрээнд зөвхөн дадлага хийгээд зогсохгүй, долоо хоног бүр сургалтад хамрагдах боломж олгосон нь энэхүү хөтөлбөрийн бас нэгэн онцлог байлаа. Сургалтуудаар өөрийгөө танин мэдэх, ирээдүйн дүр төрхөө төсөөлөх, карьераа зорилготой төлөвлөх талаар олон шинэ зүйл сурсан. Түүнчлэн Монголын томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцаж, өөр өөр чиглэлээр суралцдаг залуустай туршлага солилцон, тэднээс суралцах нь сонирхолтой байлаа.

Дадлага хийхээсээ өмнө би эрүүл мэндийн салбарыг ихэвчлэн эмнэлэг, эмч, эмчилгээтэй холбон ойлгодог байсан. Харин энэ хугацаанд өвчтөний мэдээлэл эмнэлэг, лаборатори болон цахим системүүдийн хооронд хэрхэн дамждаг талаар тодорхой ойлголттой болсон. ICD, SNOMED CT, LOINC зэрэг олон улсын стандартууд анхандаа ойлгоход төвөгтэй нэр томьёо мэт санагдаж байсан ч эдгээр нь эрүүл мэндийн мэдээллийг байгууллага, систем бүр ижил утгаар ойлгож, “нэг хэлээр” харилцах боломжийг бүрдүүлдэг чухал дэд бүтэц болохыг мэдэж авлаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цаана мэдээллийг үнэн зөв, ойлгомжтой, харилцан уялдаатай байлгах томоохон тогтолцоо ажилладаг болохыг мэдсэн нь миний хувьд цоо шинэ ойлголт байлаа.

Энэхүү хөтөлбөр надад ажлын туршлага хуримтлуулахаас гадна цаашид юунд анхаарч, ямар чиглэлээр хөгжихөө илүү тодорхой харахад тусалсан. Мөн шинэ орчинд өөрийгөө сорих, мэдэхгүй зүйлээ асууж тодруулах, бусдаас суралцах нь хөгжлийн чухал хэсэг гэдгийг ойлголоо.

Эцэст нь энэхүү үнэ цэнтэй боломжийг бүрдүүлж, хөтөлбөрийг зохион байгуулсан IOM Mongolia болон YouthInc-ийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье!