
Нийгмийн идэвх гэдэг үгийг сонсоход л ямар нэгэн байгууллагын, эсвэл клубийн үйл ажиллагаа санаанд чинь бууж байна уу? Тэгвэл ямар нэгэн байгуулалд харьяалагдаж, нэг хэсэг байх нь ямар давуу талуудтай болох талаар өөрийн туршлагаас хуваалцъя.
- Шинэ хүрээлэлд орно. Найз нөхөдтэй болно. “Хүн бол хүрээллийнхээ толь” гэдэг үг сонсож байсан уу? Тэр бол их үнэн үг. Байнга хамт байдаг хүмүүстэйгээ л, эсвэл ганцаараа байх нь нэг их буруудахгүй ч, өөр өөр үзэл бодол сонсож, шинэ соргог зүйлс сурах нь илүү сонирхолтой байж болно шүү дээ.
- Тэтгэлэг хүртэхэд давуу тал болно. Учир нь чи “зүгээр л нэг гишүүн” байхаас илүүтэй, тэр байгуулалд ороод их, бага гэлтгүй олон зүйлийг суралцаж байгаа. Наад захын жишээ гэхэд л хамт олноороо ажиллаж сурна.
- Оюутан, сурагч насны дурсамж болон үлдэнэ. Хэдэн арван жилийн дараа эргэн бодоход, хичээлээ хийгээд номын санд сууж байсан эгэл өдрүүд дурсагдах уу, аялал зугаалга, хөгжилтэй зүйлс хийж байсан чинь дурсагдах уу?
- Цагаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлнэ. Найзуудтайгаа 7 хоног болгон уулзалдаж, хамтдаа нэг зорилгын төлөө хувь нэмрээ оруулах бол юугаар ч солишгүй туршлага, үнэ цэнтэй цаг зарцуулалт гэж би хувьдаа хэлмээр байна.
Иймээс, өөрийн сонирхлын бүлгийг олж, нийгэмдээ, эсвэл хүрээлэлдээ нөлөө гаргахуйц ажил хийж, дурсамж, туршлагатай болоорой.
