Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт. Өөрөөр хэлбэл, унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм.
Наснаасаа хамаарч хүн бүрийн унтаж өнгөрөөх цаг өөр өөр байдаг.
0–3 настай хүүхэд хоногт 14–17 цаг, сургуулийн насны буюу 6–13 насны хүүхэд хоногт 9–11 цаг, өсвөр насны хүүхэд хоногт 8–10 цаг, насанд хүрэгчид хоногт 7–9 цаг унтаж байж хоногийн нойроо бүрэн авсанд тооцдог.
Нойр хүрэх процесс нь нар жаргаснаас хойш 2 цагийн дараа хүний өнчин тархинаас мелатонин гэдэг хоногийн хэмнэл зохицуулах болон нойрсох процессийг дэмждэг даавар ялгарч эхэлдэг ба энэ үеэс хүний бие унтахад бэлтгэгдсэн байдаг.
Тэгвэл хүн хоногт дунджаар 8 цаг унтаж амрах хэрэгтэй байдаг энэ цаг хугацаанд нойрны 4-5 цикл эргэлддэг.
Тэгвэл нойрны цикл гэж юу вэ?
Нойрны цикл нь зүүрмэглэх, хөнгөн нойрсох, гүн нойрсох, зүүд нойрны үе гэсэн 4 хэсгээс тогтдог. Нойрны 1 цикл нь энэ 4 хэсгийг дараалан явагддаг ба нэг цикл дуусаад дараагийн цикл эхнээсээ үргэлжлэн эхэлдэг байна. 1 цикл нь дунджаар 90-120 минут үргэлжилнэ гэж үзэхээр хүнд 8 цаг унтахад 4-5 удаагийн цикл эргэдэг байх нь.

1. Зүйрмэглэх үед хүний бие болон тархины үйл ажиллагаа удааширч эхлэн, богино хугацаанд булчингийн татганах хөдөлгөөн хийдэг байна. Та өндрөөс унаж байна гэж бодоод татганадаг уу? Тэр чинь л нойрны мөчлөгийн энэ үед болдог. Энэ үед хүнийг сэрээх хамгийн амархан байдаг. г.
2. Хөнгөн нойрсох үед биеийн температур буурч, булчин суларч, амьсгал болон зүрхний хэмнэл буурч удааширч эхэлдэг. Энэ үед тархины үйл ажиллагаа бүр удаашран сэрэхэд хэцүү болж нүдний хөдөлгөөн ч хийхээ больдог байна.
3. Гүн нойрсох энэ нь хамгийн чухал үе юм. Энэ үед унтаж буй хүнийг сэрээх хамгийн хэцүү. Булчингийн хүч, зүрхний цохилт, амьсгалын тоо бүгд улам бүр буурч бие махбод тэр чигтээ амарч байдаг үе юм. Гүн нойрны үеээ сайн авах нь биеийн үйл ажиллагаа болон дархлаа дэмжих ач тустай байдаг байна. Гүн нойрны үе хэдий чинээ удаан хугацаанд өрнөх тусам бид төдий чинээ сайн амардаг. 1 циклд оногдох гүн нойрны хугацаа 20-40 минут. Бид заримдаа унтаад байгаа мөртлөө нойр сайн авч амарч чадахгүй байх үе байдаг нь энэхүү гүн нойрны үе маш богино хугацаанд өрнөдгөөс шалтгаалдаг.
4. Зүүд нойрны буюу Нүдний хурдан хөдөлгөөнт үед нүдний болон амьсгалын булчингаас бусад бүх булчин хүчээ алдаж сулардаг. Энэ үед зүүд бусад үеэс хамгийн тод, хамгийн удаан үзэгдэх бөгөөд энэ үеийн нойрыг сайн авч чадвал бидний бүтээлч чанар, танин мэдэхүйд маш сайн гэж үздэг.
Тэгэхээр хэдэд унтаад хэдэд босохоо хүртэл энэхүү нойрны циклтэйгээ холбож унтах цагаа тохируулах юм бол өглөө эрт босох амархан болно. Үүнийг тодорхойлдог гар утасны аппликэшн их гарсан. SleepCycle нэрээр хайгаад өөрт ойлгомжтойг нь татаад хэрэглэж болно.

Зөв цагтаа унтаж, гүн нойроо сайн авч, хөнгөн нойр дээрээ сэрвэл танд илүү амар байх болно.
Тэгвэл нойр дутуугаас нойрны хямралаас ямар өвчин, эмгэг үүсдэг вэ?
Сэтгэцийн эмгэг- Нойр муугаас болж хүний яриа холдож ойртох, толгой эргэх, аливаа зүйл хол ойр санагдах гэх мэт шинж тэмдэг илэрдэг ба тархийг хэдэн цагаар амраахгүй ачаалласнаар тархи туйлддаг ба сэтгэцийн эмгэг үүсэхэд нөлөөлнө. Мөн стресстэх, сэтгэл гутрал, сэтгэл түгших зэрэг эмгэгт өртөх эрсдэлтэй.

Хавдар- Бие махбодид хавдрын эсүүд зохистой тоогоор байдаг бөгөөд ихсэх үед апоптозод орж байх ёстой. Гэвч тэрхүү эсүүд нойрны хямрал, нойргүй олон хоносноос үүдэн хавдрын эсүүдийг биемахбод устгахаа больсноос хавдар үүсэх магадлалтай байдаг.

Зүрхний эмгэгүүд- Why we sleep номонд нэг сонирхолтой судалгааг бичсэн байсан ба хавар намрын үед 1 цагаар ухрааж, урагшлуулах үеийн зүрхний шигдээсийн эмгэгийн тохиолдолыг бүртгэсэн байна. 1 цагаар урагшлуулах үед хүмүүс 1 цагийн өмнө сэрэх шаардлагатай болдог бөгөөд энэ үед зүрхний шигдээсийн дуудлага нэмэгдэж байсан ба 1 цаг ухраах үед хүмүүс сайн унтаж амарсан учраас энэ дуудлага буурч байжээ. Иймээс нойр нь зүрхний өвчин тэр дундаа шигдээст нөлөөлдөг гэдэг нь батлагджээ.

Таргалалт- Нойрны эмгэгийн үед лептин болон грелин дааврын тэнцвэрт байдал алдагдаж лептин буюу цадах мэдрэмжийг төрүүлдэг дааврын хэмжээ буурч грелин буюу өлсөх мэдрэмжийг төрүүлдэг даавар ихэссэнээр өлсөх мэдрэмж давамгайлж их идсэнээр таргалалт өвчин үүсдэг байна.

Нойр тань хүрэхгүй байвал дараах аргуудыг туршаад үзээрэй.
Таны нойр хүрэхгүй байгаа үед унтах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ?
Өрөөний гэрэл- LED гэрэл болон өрөөний тод гэрэл хүнд өдөр болж байгаа гэсэн сигнал өгдөг бөгөөд та унтахаас 1 цагийн өмнө утсаа оролдохгүй байх хэрэгтэй. Мөн өрөөний гэрлээ бүдгэрүүлэх хэрэгтэй.
Өрөөний дулаан- Дулаан халуун өрөөнд хүний нойр хүрдэг гэж боддог уу? Тэгвэл 18 хэмд буюу сэрүүн нөхцөлд нойр илүү хүрдэг байна.
No alcohol- 100гр дарс, 50гр цагаан архи уугаад унтдаг хүмүүс их байдаг. Гэвч спирт унтахын өмнө хэрэглэхийг хориглодог. Спирт нь яг унтаж эхлэхэд сайнаар нөлөөлөх боловч судас тэлэх үйлчилгээтэй учраас бөөрний цусан хангамж сайжирч шээс үүсэлтийг нэмэгдүүлдэг ба шөнө сэрэх нэг шалтгаан болно. Иймээс спирт унтахын өмнө хэрэглэхийг хориглодог.
Дасгал- Дасгал хийснээр хүний биеийн темпратур нэмэгдэх, зүрхний цохилтын тоо олширч эргэлдэх цусны хэмжээ нэмэгддэг тул унтах биш харин ч бүр сэргэлэн болдог.
Каффейн бүү хэрэглэ- Өдөр 14 цагаас хойш каффейн агуулсан зүйл бүү хэрэглэ.
Нам гүм- Аль болох дуу чимээнээс тусгаарлаж унтах орчноо бүрдүүлээрэй.
Нэг цагт орондоо орж, нэг цагт сэрэх дадал өөртөө бий болгох. Ямар ч ажил, хичээлээс илүү таны эрүүл мэнд чухал учир та орондоо эрт ороорой.
Ном зүй:
https://post.giga.mn/ Нойрны тухай бид юуг мэддэггүй вэ?
