About volunteerism
Сайн дурын ажил гэхээр өөрийн цаг хугацаа, эрч хүч, хөдөлмөрөө зарцуулдаг гэх өрөөсгөл ойлголт залуучуудын дунд хэдийн байхаа больжээ. Хэдийгээр сайн дураараа хийж байгаа боловч бидэнд маш их олон боломж олгож, багаар хамтран ажиллах, танилын хүрээгээ нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт олон ур чадварыг үнэ төлбөргүйгээр заадаг. Та бүхэнд сайн дурын ажил хийснээр ямар ямар давуу тал, боломж гарсан талаар өөрийн туршлагаас хуваалцъя.
Сайн дурын ажил бол БОЛОМЖ:
Үүнтэй бол хэн ч маргахгүй байх. Надад Тусгай Олимпын Хороонд сайн дурын ажилтнаар ажиллах боломж олдсон нь миний амьдралд тохиолдсон хамгийн том боломжуудын маань нэг билээ. Тусгай олимпын хороо бол спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн үйл ажиллагаанд оролцуулах, хөгжүүлэх, дэмжих зорилготой олон улсын төрийн бус байгууллага юм. “Ялалт байгуулахад минь туслаач... Хэрэв би ялж чадахгүй бол ялалт авчрах оролдлогыг минь зоригжуулаач” гэх уриатай энэ байгууллага тусгай олимпын спортын тамирчдад төдийгүй тэдний гэр бүлийг нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оруулахад маш их ач холбогдолтой үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн.
Энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа Хятадын Сычуань мужид зохион байгуулсан “Манлайлагч тамирчин” хөтөлбөрт оролцох багийн нэг гишүүн болж бусад орны тамирчдаас суралцах, хэрхэн яаж тамирчдаа бэлддэг, панданы эх нутаг гэдгээрээ алдартай Сычуань мужийг өөрийн нүдээр харж танилцаж, байгалийн гоо үзэсгэлэнг нь бахдах боломж олдсон юм. Энэ бүх үйл явдал миний сэтгэлгээ, харах өнцгийг тэлэхэд ихээхэн ач холбогдолтой аялал байсан юм.

Сайн дурын ажил бол ХАРИЛЦАА, БАГИЙН АЖИЛЛАГАА:
Өөр өөр насны, үзэл бодол, сэтгэлгээ, урч чадвартай залуустай ажиллах, харилцах ойлголцох, бие биеэ хүндэтгэх гээд олон ур чадварыг эндээс л сурдаг. Ер нь сайн дурын ажил хийдэг залуусыг ажиглахад өөрийн зорилго, хүсэл мөрөөдөл, хаана хүрэхээ аль хэдийн тодорхойлчихсон, шинэ санаагаар дүүрэн эрч хүчний ундарга байдаг. Ийм хүрээлэлд хамтран ажиллахад ч урамтай, намайг юу хийх, хэрхэн хөгжих ёстойг байнга сануулдаг нөлөөлөгч, цэнэглэгч нар байдаг.
Сайн дурын ажил бол ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:
Ямар нэг ажилд сайн дураар ажиллаж төлөвлөсөн үр дүндээ хүрч, туслах нь нийгэмдээ оруулж байгаа чиний тус боловч нөгөө талаас өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм. Ажлын байранд шаардлагатай зөөлөн ур чадварууд, хэрэглээний программ дээр ажиллах туршлага, төсөл, үйл ажиллагаа төлөвлөх, зохион байгуулах гэх практик дадлагыг хийх боломжоор дүүрэн байдаг.
Сайн дурын ажил бол чамайг хөгжүүлэх, хэн бэ гэдгийг чинь харуулах, заавал хийж үзэх ажил шүү гэдгийг дахин дахин сануулъя.
Энэ дашрамд дурдахад НҮБ-ын Сайн дурын хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн салбар, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Нийгмийн сайн сайхан, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох хүсэлтэй иргэд, ялангуяа оюутан залуучуудад сайн дурын үйлсийг сурталчлан танилцуулах зорилго бүхий арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.youthinc.mn/calendar-item/HTkBD84AhQ6RbuddRDeA аваарай.
