Энэ удаагийн бичвэрээр та бүхэнтэй системтэй манлайллын талаарх бодит туршлага, түүхүүдийг өгүүлсэн "Tackling Heropreneurship" судалгааны номыг уншаад ойлгож авсан мэдлэг, мэдээллээ хуваалцах болно.

ХЭН ЗОХИОСОН, ЮУНЫ ТУХАЙ СУДАЛГААНЫ НОМ ВЭ ?
Энэхүү судалгааны номыг бичсэн эмэгтэй бол бидний сайн мэдэх дэлхийн нэр хүндтэй Оксфорд, Еэл-н их сургуулиудад нийгэмд ээлтэй бизнес, системтэй манлайлал сэдвүүдээр лекц ордог зохиолч, сурган хүмүүжүүлэгч Даниела Папи Торнтон юм. Тэрээр тус судалгааны номыг олон жилийн судалгаа, бодит туршлага, түүхүүдэд тулгуурлан бичсэн. Тус номын гол агуулга нь хэрхэн нийгмийн ярвигтай асуудлуудыг шийдэхэд үлэмж хувь нэмэр оруулсан МАНЛАЙЛАГЧ НАР болох тухай юм.

ЗОХИОЛЧ ЯАГААД ТУС СУДАЛГААНЫ НОМЫГ БИЧИХ БОЛСОН БЭ?
Даниела Папи Торнтон их сургуулийн бакалавр болон магистрын түвшинд суралцдаг олон зуун оюутнуудтай харилцдаг. Түүний уулзаж, ярилцсан оюутан залуучуудын дийлэнх нь нийгмийн асуудлуудыг шийдэхэд ТОМООХОН хувь нэмэр оруулсан манлайлагч нар болох туйлын хүсэлтэй байсан. “Би боловсролын тогтолцоог шинэчилж, боловсролын тэгш бус байдлыг бууруулмаар байна.” “Би хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадах төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулмаар байна……гэх мэтчилэн. Гэхдээ эдгээр өндөр амбицтай залуус хэд хэдэн АЛДААНУУДЫГ түгээмэл гаргаж байсан нь тус номыг бичих шалтгаан болсон гэжээ.

ЭХНИЙ ТҮГЭЭМЭЛ АЛДАА НЬ ЮУ БАЙСАН ГЭНЭ ҮҮ?
Хэдүүлээ төсөөлье. Тэмка, Анхаа, Төтө гурав маш амбицтай залуучууд байг. Тэр гурав Африк фермерүүдэд тулгардаг асуудлыг шийдэхийн тулд гар утасны апп хийхээр болсон гэж бодъё. Өмнө нь хэн ч ийм апп фермерүүдэд зориулж бүтээж байгаагүй болохоор санаа нь маш шинэлэг. Удахгүй олон мянган фермерүүд апп-г нь ашиглан, олонд танигдсан залуучууд болох байх гэсэн битүүхэн хүсэл манай гурвын сэтгэлийг хөдөлгөнө. Гэхдээ тэдний хэнд нь ч фермерийн ажил хийсэн 1 өдрийн туршлага байхгүй. Бүр Африк улсын ойролцоо ч очиж байгаагүй байг. Хэдий тухайн асуудалтайгаа бодитоор нүүр туулж үзүүгүй ч, багахан судалгаа, мэдээлэлд үндэслэн ямар ч байсан апп-аа бүтээчихлээ гэж бодъё. Харин апп-г нь Африк фермерүүд ашиглах болов уу? Та юу гэж бодож байна?
Үгүй л болов уу. Учир нь тэд Африк фермерүүдэд бодит байдал дээр өдөр тутмын ямар саад бэрхшээлүүд тулгардаг талаар огт мэдэхгүй, тухайн бэрхшээлүүдийг нь бодитоор ажиглаж, туулж үзээгүй.
Үр дүнд нь хүсээд байсан амжилт, нэр хүндээ олохын оронд цаг хугацаа, мөнгө санхүүгээр хохироод дуусаж байгаа. Яг үүнтэй адил бодит кэйсүүд хаа сайгүй байсаар байна. Залуус аливаа НИЙГМИЙН АСУУДЛЫГ БОДИТООР ТУУЛЖ, ХАРЖ, ОЙЛГОЖ, МЭДЭРЧ ҮЗЭЭГҮЙ ХЭР НЬ “ШИЙДНЭ” гэсэн шийдвэрийг гаргаж буй нь тэдний гаргаж буй түгээмэл алдаа гэж номд өгүүлжээ.

ХОЁР ДАХЬ ТҮГЭЭМЭЛ АЛДАА НЬ ЯАСАН ГЭНЭ ҮҮ?
Нийгэмд томоохон эерэг өөрчлөлт авчирна гэдэг гараад бусдын асуудлыг шийдээд, амьдралыг нь дээшлүүлээд явах зүйл огт биш. Бид эхлээд өөрсдийгөө тухайн асуудлыг шийдэх чадвартай, мэдлэгтэй болгож бэлдэх, хөгжүүлэх хэрэгтэй.
Бидний нийгэмдээ оруулах хувь нэмэр хэр түвшинд байх нь бид өөрсдийгөө хэр сайн таньж мэдсэн бэ гэдгээс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, та өөрийнхөө юуг сайн хийдэг, юуг муу хийдэг, багийн ямар гишүүн байх нь танд илүү тохирдог, та ямар нийгмийн асуудлыг чин сэтгэлээсээ шийдэхийг хүсдэг…зэргээ сайн мэддэг бол таны нийгэмдээ оруулах хувь нэмэр төдий чиний өргөн цар хүрээтэй, амжилттай байж чадна.
Гэтэл маш олон залуус өөрийгөө сайн таньж мэдээгүй, шаардлагатай мэдлэг чадваруудыг эзэмшээгүй хэр нь нийгмийн ТОМООХОН асуудлуудыг шийдэхээр оролдож буй нь тэдний гаргаж буй томоохон алдаа болж байгаа ажээ.

ГУРАВ ДАХЬ АЛДАА НЬ ЯАЛАА ГЭНЭ ҮҮ?
Залуусын гаргаж буй дараагийн алдаа бол тухайн шийдэх гэж буй асуудлаа системийн түвшинд таньж мэдээгүй явдал гэжээ. Жишээ нь, МУ-ын боловсролын чанар муу байгаа нь таны санаа зовниж явдаг асуудал байг. Таны хувьд энэ асуудлын шалтгааныг зөвхөн муу багш нар гэж боддог байг. Гэтэл бодит байдал дээр боловсролын чанар муу байгаа асуудал маш олон нөхцөл байдал, субъектүүдээс шалтгаалж байгаа. Тиймээс эхлээд боловсрол гэдэг системийг том зургаар нь харж, энэхүү системийг бүрдүүлж байгаа оролцогч талуудын хоорондын уялдаа холбоог ойлгох нь чухал. Боловсрол гэдэг системийг багш нараас гадна төр, бүх шатны боловсролын байгууллагууд, эцэг эхчүүд, сурагчид... зэрэг олон оролцогч талууд бүрдүүлдэг.

ДӨРӨВ ДЭХ АЛДАА НЬ ЮУ ГЭНЭ ҮҮ?
Ихэнх нийгмийн асуудлуудыг шийдэх хүсэлтэй залуус тухайн асуудлуудынхаа талаар өнгөц мэдлэгтэй байх нь элбэг. Тухайн асуудлыг шийдэхээр оролдож буй байгууллага, хувь хүмүүсийн талаар сайн мэдэхгүй, тэдгээр байгууллага, хүмүүс нь ямар ямар шийдлүүдийг туршаад, тэндээс аль аль нь амжилттай болоод аль аль нь бүтэлгүйтсэн тухай судалж байгаагүй. Ингээд ихэнх нь хэний ч олоогүй өвөрмөц, цор ганц шийдлийг олохыг хүсэж явах нь түгээмэл. Энэ бол маш том алдаа.
Энэ тал дээр Daniela багш “Залуучуудаа, эн тэргүүнд АСУУДАЛТАЙГАА ГЭРЛЭ” гэж хэлсэн байна. Хүмүүс хэзээ хэн нэгэнтэй гэрлэдэг билээ? Тухайн хүнээ маш сайн мэддэг, ойлгодог болсныхоо дараа шүү дээ. Тиймээс шийдлийг түр орхиод тухайн асуудлаа хангалттай, бүрэн дүүрэн судалж, ойлгох хэрэгтэй.
Хэрвээ та ирээдүйд нийгмийн аль нэг ярвигтай асуудлыг шийдэх манлайлагч болохыг хүсдэг бол дээрх алдаануудыг давтахгүй байхыг хичээгээрэй. Ингэж чадвал та цаг хугацаа, мөнгө санхүүгээрээ хохирохгүй байж, нийгэмдээ далайцтай хувь нэмрээ оруулж чадах юм шүү. Амжилт!
Эх сурвалж: Daniela Papi Thornton, 2016, Tackling Heropreneurship, Zoom In Social Projects Media
