“Stay Hungry, Stay foolish” миний амьдралдаа зорилго болгодог нэг үзэл бол бол Стив Жобсын хэлсэн энэ үг юм. Үргэлж шинийг эрэлхийлж, суралцаж өөрийгөө хурцалж байх нь чухал учир байнгын суралцагч байхыг өөртөө захидаг.
Оролцох өргөдлөө илгээгээд, 2 –р шатны ярилцлагадаа ороод яагаад би оролцох ёстой талаар өөрийгөө илэрхийлж байсан тэр үе маань саяхан мэт санагдаж байна. Бидний хагас жилийн Дадлагын хөтөлбөрийн маань сүүлийн шатандаа орж өндөрлөж байна. Энэ хөтөлбөрийн нэг хэсэг болж энэ үнэ цэнтэй хугацааг шинэ санаа эрч хүчтэй залуучуудтай хамт шинэ ойлголт, мэдрэмжийг мэдэрч, суралцсан цаг хугацаа байлаа. Нэг талаас бидний хөтөлбөр дуусаж байгаад гунигтай ч нөгөө талаас нэг ажлын ард гарч үр дүнг үзнэ гэдэг эхлэл шигээ баяр баяслыг авчирдаг.

Сар бүр олон янзын сорилттой тулгарч, маш олон талаар суралцлаа. Өмнө нь PILOT 1-3 Хүртэл хөтөлбөр явагдахад хаагуур нь мэдээгүй өнгөрчихөө гэж халаглаж байсан. Гэхдээ бүх зүйл өөр өөрийн цаг хугацаатай гэдгийг мэдэрч энэ л миний оролцох хөтөлбөр байжээ. PILOT 4 оролцсон залуус маань миний уулзах ёстой хүмүүс байж цаашдаа ч гэсэн олон хөтөлбөр, төсөл дээр хамтарч ажиллах насан туршийн найз нөхөд, эгч дүүс болох байжээ гэдгийг ойлгосон. Энэ хөтөлбөр маань цаашдаа ч суралцах олон зүйл байгаа, мөн залуу үеийнхэнтэй харилцах, хамтран ажиллахад мэдэх шаардлагатай олон чадварыг заалаа.
Аливаа хүний давуу талыг харж, дэмжиж, чи чадна гэсэн сэтгэлээр өнгөлж байдаг Ч. Балжинням захиралдаа баярлалаа. Маш олон удирдагчийн ур чадварыг сурлаа. Түүний нэг бол бүх хүний саналыг сонссоны дараа өөрийн туршлага, мэдлэг дээр тулгуурлаж зөв гаргалгааг гаргадаг нь суралцах чадвар байлаа. Мөн тухайн нөхцөл байдалд нь хурдтайгаар шийдвэр гаргах, зохицуулах, эхний ажлаасаа суралцаж дараа дараагийн ажил дээр улам боловсронгуй болгоход, тууштай байдал, хурдтай байх нь ямар чухал вэ гэдгийг мэдлээ.

Энэ хөтөлбөртөө зөвхөн оролцогч төдийгүй зохицуулагчаар ажиллах боломж олдсон нь бас гайхалтай байлаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллалаа. Монголын томоохон үйлдвэрүүд НҮБ Монгол дах салбар байгууллагуудаар аяллаа. Миний хувьд анх PILOT-4 Interns оролцуулан зохион байгуулна гэсэн төсөөлөлтэй эхэлсэн Study tour аялал маань давхардсан тоогоор 700 орчим залуус бүртгүүлж, 200 гаруй залуус аялалд оролцлоо. Би чадна гэсэн итгэлтэйгээр эхэлсэн ч, алхам бүрд жижиг жижиг алхмыг хүртэл маш сайн төлөвлөж, гарч болох саад бэрхшээл дээр урьдчилж тооцоолох гээд олон олон алхмуудыг урьдчилж харах хэрэгтэйг ойлголоо. Энэ бүх туршлага маань дараа дараагийн үйл ажиллагаанд маань сургамж болсон үнэ цэнтэй хичээл болно гэдэгт итгэлтэй байна. Мөн youthinc.mn платформыг хөгжүүлдэг багийг шүтэхгүй байхын аргагүй. Бидний зохион байгуулсан аялал маань нэгээс дараагийн аялалд илүү боловсронгуй болж, мэдээлэл өгөх, бүртгэл, алхмууд илүү хялбар болсон энд дурдах хэрэгтэй.

Монгол залуучуудад ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар, чадамжийг практик дадлага хийлгэх замаар эзэмшүүлж чадавхжуулах, ирээдүйн ажлын байранд бэлтгэх, улмаар залуусын зохистой хөдөлмөрийг нэмэгдүүлэх зорилготой энэ хөтөлбөр маань улам олон залуучуудад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Маш олон талаар өөрийгөө сорих мөн PILOT хөтөлбөрийг боловсруулж, энэ хөтөлбөрт өөрийгөө хөгжүүлэх боломж олгосонд талархлаа илэрхийлж байна. Олон олон оюутын залуучууд YOUTHinc - Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэгээр дамжуулан өөрчлөлтийг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ хөтөлбөрийн төгсөгч болж байгаад өөрөөрөө бас бахархаж байна.
