Стрессийг удирдахуй

Стрессийг удирдахуй Стресс гэдэг зүйл бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод уджээ. Тэгвэл чухам “Стресс” гэж юу вэ? Бид өдөр тутмын амьдралдаа төрөл бүрийн шаардлага, асуудал, өөрчлөлтүүдтэй тулга…

Стресс гэдэг зүйл бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод уджээ. Тэгвэл чухам “Стресс” гэж юу вэ?

Бид өдөр тутмын амьдралдаа төрөл бүрийн шаардлага, асуудал, өөрчлөлтүүдтэй тулгарч байдаг. Түүнд үзүүлж буй бие махбод болон оюун санааны хариу үйлдлийг “стресс”, түүнийг үүсгэж буй хүчин зүйлийг “стрессор” гэдэг.

Стресс хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний тархи стрессорыг мэдэрсэн даруйдаа бөөрний дээд булчирхайнд дохио өгч, түүнээс стрессийн дааврууд ялгарч эхэлнэ. Энэхүү даавруудын нэг болох адерналин нь цусны найрлаганд орж, зүрхэнд хүрснээр зүрхний цохилт хурдсаж, цусны даралт ихсэх, амьсгал давчдах шинж тэмдэг илэрнэ. Ийнхүү байнгын стрессд өртсөнөөр судасны хатуурал болж, цусан дахь холестроны хэмжээг ихэсгэдэг. Үүний үр дүнд цус харвалт болон зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг.

Мөн энэхүү даавруудын нөлөөгөөр хүний бие илчлэг ихтэй хоол хүнсийг нэхэх ба энэ нь хэвлийн өөхлөлт үүсэх нэг шалтгаан болдгоос гадна чихрийн шижингээр өвчлөх эрсдийг нэмэгдүүлнэ.

Түгших, уурлах үед хүний бие дотор ялгарах даавруудын нөлөөгөөр цусан хангамжийг муутгаснаас болоод ходоодонд өөрчлөлт орж ходоодны хүчил ихээр ялгарснаар дотроосоо ханыг нь гэмтээснээр бидний мэдэх ходоодны шарх үүснэ.

Байнгын стрессийн нөлөөнд хүний биеин дархлааны үйл ажиллагаа дарангуйлагдаж, эдгэрэлтийг удаашруулж, өвчлөмтгий болгодог байна. Хоол боловсруулах замын үйл ажиллагаа алдагдсанаас арьсан дээр батга гарах, анхаарал ой тогтоолт муудах, үс унахаас гадна бидний бэлгийн амьдралд ч муугаар нөлөөлдөг.

Стресс давуу талтай

Стрессийн давуу тал гэж юу байдаг юм гэж та бодож байж магадгүй. Стрессийг бид эерэг болон сөрөг гэж ангилан авч үзэж болно. Сөрөг стресс нь бидний зугтахыг хүссэн асуудлаас үүдэлтэй бол эерэг стресс нь бидний зорилготой хамааралтайгаар үүсдэг. Эерэг стрессийн нөлөөгөөр бид өөрсдийн ирээдүйн зорилгодоо дахин анхаарлаа төвлөрүүлж, зөв замдаа буцаж ороход маань чиглүүлж өгдөг. Одоо би үүнийг хийхгүй бол маргааш гэхэд дуусгаж чадахгүй гэдэг бодол бол эерэг стрессийн нэг жишээ. Эндээс стресс нь дараах

  • Сөрөг сэтгэл хөдлөлөө гаргаж илэрхийлэх боломж олгоно
  • Зорилгодоо төвлөрөх боломж олгон, сэдэлжүүлнэ
  • Суралцах үйл явцыг сайжруулна
  • Асуудлаа шийдвэрлэхэд хандуулна

Бид юунаас болж стрессд өртдөг вэ?

Стрессийг үүсгэгч хүчин зүйл болох стрессорыг 3 ангилан авч үздэг. Нэгдүгээрт гамшигт үзэгдэл. Энэ үзэгдэл ганц хоёр хүнийг биш олон хүнийг хамадаг боловч тэдгээр хүмүүс бие биендээ санаа тавьж, туслаж дэмждэг болохоор биед үзүүлэх сөрөг нөлөө бага.

Хоёрдугаарт нөхцөл байдлын стрессор. Үүнд жишээлбэл ажлаасаа хоцрох, төлөвлөгөө цуцлагдах зэрэг өдөр тутмын асуудлууд ордог. Эдгээрээс үүсэх стресс тухайн нөхцөл байдлаас гарах үед яваандаа арилдаг тул үр нөлөө тийм ч их биш.

Гуравдугаарт хувь хүний стрессор. Үүнд хүндээр өвдөх, ойр дотно хүн нас барах, салж хагацах зэрэг тухайн хүнд л тохиолдож байгаа асуудлууд орно. Энэ төрлийн хүчин зүйлээс үүсч буй стрессээс ангижрахад удаан хугацаа шаардлагатай байдаг бөгөөд түүнээсээ ангижрах арга хэрэглэхгүй бууж өгөх тохиолдолд амиа хорлох, хүчин үйлдэх зэрэг өөртөө болон бусдад ноцтой аюул учруулах хэмжээнд хүрч болдог байна.

Дээрх ангиллаас харахад хүн стрессээс ангид байх боломжгүй гэж хэлж болохоор байгаа биз. Бид өдөр болгон, алхам тутамтай ямарваа нэгэн асуудалтай байнга тулгарч стрессд өртдөг юм байна.

Тэгвэл түүнээс хэрхэн хурдан хугацаанд ангижирч цааш алхах вэ?

Бясалгал хийх, ном унших, дуу сонсох, агаарт гарах гэх мэт стрессийн түвшингээ бууруулах аргуудыг бид түлхүү хэрэглэдэг. Эдгээр олон аргаас чухам аль нь хамгийн үр дүнтэй хурдан хугацаанд стрессийн түвшинг тань бууруулж чадах вэ?

Бид сэтгэл хөдлөл болон асуудалд төвлөрсөн гэсэн 2 төрлийн аргыг ашигладаг. Дуу сонсох, уйлах, амьсгалын дасгал хийх зэрэг түгээмэл сэтгэл хөдлөлд төвлөрсөн аргуудыг хэрэглэх үед тухайн цаг үедээ бага ч гэсэн тайвширч байгаа хэдий ч эргээд харахад стрессийг үүсгээд байгаа тэрхүү асуудал байсаар л байна. Та дахиад бухимдана гэсэн үг. Харин тухайн асуудлыг шийдвэрлэх эсвэл дасан зохицох зэрэг асуудалд төвлөрсөн аргыг хэрэглэвэл стрессийн түвшин тань автоматаар буурах бөгөөд энэ үед таньд дахин асуудал болохгүй гэсэн үг.

Тэгэхээр сэтгэл хөдлөлөө гаргахаасаа өмнө эхлээд тухайн асуудлаа өөр өөр өнцгөөс харах хэрэгтэй шүү.

Төгсгөлд нь аль болох их инээж, бусдыг уучлан, одоогоороо амьдарч стрессийн түвшнээ бага байлгахыг хичээгээрэй. Амжилт