Сунгалтын дасгал эрүүл аж төрөхийн үндэс.
Та сунгалтыг зөвхөн гүйлтийн тамирчин эсвэл гимнастикчдын хийдэг зүйл гэж бодож болно. Гэхдээ бид бүгдээрээ хөдөлгөөний бие даасан байдлаа хамгаалахын тулд сунгах хэрэгтэй. Харвардын харьяа Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн физик эмчилгээний эмч Дэвид Нолан "Олон хүмүүс сунгалт тогтмол хийх ёстой гэдгийг ойлгодоггүй. Энэ нь өдөр бүр хийх ёстой зүйл" гэж хэлжээ.
Сунгалт нь булчинг уян хатан, хүчтэй, эрүүл байлгадаг бөгөөд үе мөчний хөдөлгөөнийг хадгалахын тулд бидэнд ийм уян хатан байдал хэрэгтэй. Үүнгүйгээр булчингууд нь богиносч, чангардаг. Дараа нь та булчингуудыг идэвхтэй ажиллуулах үед тэдгээр нь сулардаггүй бөгөөд таныг богино хугацаанд ядраах болно. Энэ нь үе мөчний өвдөлт, ачаалал, булчин гэмтэх эрсдэлд хүргэдэг.
Жишээлбэл, өдөржин сандал дээр сууснаар гуяны ар талын шөрмөс татагддаг. Энэ нь хөлөө сунгахад, эсвэл өвдөгөө бүхэлд нь тэгшлэхэд хэцүү болгодог бөгөөд алхахад саад болдог. Үүний нэгэн адил чанга булчингууд теннис тоглох гэх мэт тэднийг сунгах хүчтэй дасгалтай тулгарах үед гэнэт сунаснаас болж гэмтдэг. Гэмтсэн булчингууд нь үе мөчийг дэмжихэд хангалттай хүч чадалгүй байж болох бөгөөд энэ нь үе мөчний гэмтэлд хүргэдэг.

Сунгалтын хамгийн чухал 5-н давуу тал
- Гэмтлээс урьдчилан сэргийлэх, уян хатан байдлыг нэмэгдүүлэх
Уян хатан байдлыг нэмэгдүүлэх, эсвэл уян хатан байдлын сургалтанд тогтмол хамрагдах замаар бид булчингийн тэнцвэргүй байдлын эрсдлийг бууруулж чадна. Булчингийн тэнцвэр алдагдах үед биеийн янз бүрийн хөдөлгөөнийг гүйцэтгэх чадвар сулардаг. Энэ нь буруу хөдөлгөөн, хэлбэрийг бий болгодог бөгөөд гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

2. Хүч чадлыг сайжруулах
Уян хатан байдал нь таны хүч чадал, биеийн тамирын дасгалын гүйцэтгэлийг сайжруулдаг. Уян хатан байдлын зорилго бол булчингаа бүрэн хөдөлгөөнөөр хангах явдал юм. Тиймээс уян хатан байдлаа сайжруулах нь таны хүч чадлыг сайжруулдаг. Хэрэв таны булчингууд өвдөж, хөшиж байвал та огцом хөдөлгөөн хийх, эсвэл бэлтгэл хийх явцад сайн ажиллах боломжгүй болдог.

3. Хөдөлгөөний эрх чөлөө
Уян хатан байдал нь гутлаа уях гэж тонгойх, хүнсний бараа өргөх, тоос соруулах гэх мэт өдөр тутмын үйлдлүүдийг хийхэд чөлөөтэй хөдөлгөөн хийх боломжийг олгодог. Эдгээр нь биднийг нас ахих тусам улам хэцүү болох зүйлүүд бөгөөд бид сунгалтын дасгалыг тогтмол хийснээр өтөл насандаа эдгээр бэрхшээлийг мэдрэхгүй.

4. Тайвшрал, сэтгэл зүйн сайн сайхан байдал
Хэрэв та байнга дасгал хийдэг хүн биш бол сунгалтын дасгал нь стрессээс үүдэлтэй зовуурийг бууруулахад тусална. Сунгах дасгалыг гүнзгий амьсгалахтай хослуулснаар булчингийн чангаралтыг суллаж, тайвшруулна. Стресс нь цусны урсгалд сөргөөр нөлөөлж, зангилаа, булчингийн хурцадмал байдалд хүргэдэг. Бие махбодийн болон сэтгэл санааны дарамт нь таны булчинг чангалахад хүргэдэг.Тогтмол сунгалтын дасгал нь цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Цусны эргэлт сайжрах нь таны тархинд бас нөлөөлж, сэтгэл санааг сайжруулдаг. Хүзүү, нуруу, мөр зэрэг нь стрессээс болж өвддөг. Эдгээрийг зөөлөн сунгаснаар та илүү тайвшрах болно.

5. Дасгал хөдөлгөөнийг үр дүнтэй болгох
Хэрэв та дасгал хийхийг хүсч байгаа бол шууд хүчний болон огцом хурд шаардсан дасгал сонгох нь буруу юм. Дасгалын эхэнд болон төгсгөлд сунгалтын дасгал хийснээрээ үндсэн дасгалын явц дахь гүйцэтгэлийг сайжруулах, хэт ачаалал авсан булчинг суллах, бэлтгэлийн дараах ядаргааг бууруулж, богино хугацаанд сэргэх боломжийг олгодог.

Эх сурвалж:
