Сүүлийн хоёр сар

Сүүлийн хоёр сар Зун болгон Монголдоо өдөр хоног сунжран, нэг л урт ‘filler episode’ шиг өнгөрдөг байсан бол энэ зун Монгол Диаспора хөтөлбөрийн хүрээнд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлсэндээ сэтгэл дүүрэн…

Зун болгон Монголдоо өдөр хоног сунжран, нэг л урт ‘filler episode’ шиг өнгөрдөг байсан бол энэ зун Монгол Диаспора хөтөлбөрийн хүрээнд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлсэндээ сэтгэл дүүрэн байна. Ажил хийгээд, дадлагажаад ирэхээр цаг хугацаа хурдан өнгөрсөн байдаг юм байна.

Дадлага хийсэн байгууллага дээрээ олон хөөрхөн хүмүүстэй танилцаж, яг л “The Office” кинонд орчихсон юм шиг ажлынхантайгаа хөгжилтэй дадлага хийлээ. Үүгээр зогсохгүй ажлын ертөнцөд хэрэг болох наад захын ур чадварыг сурч, хөгжүүлж чадсан. Жишээлбэл: COP17-ын хүрээнд зохион байгуулагдах хажуугийн цуврал арга хэмжээг ахлан зохион байгуулах гэх мэт.

Дадлагын нэг чухал мөч бол энэ ажлынхаа хүрээнд анх удаа орон нутгийн нислэгээр нисэж, Оюу Толгой шиг том байгууллагын ажлын орчин, соёлтой танилцсан явдал байлаа. Томоохон байгууллагуудын ажил хэрхэн явагддаг, ямар түвшинд network хийдэгийг бага ч гэсэн нүдээрээ харлаа. “Аан, юм чинь бас ингэж зохион байгуулагддаг юм байна. Хүмүүс бас ингэж network хийдэг юм байна” гэж бодогдуулсан. Тэнд очоод “систем” гэдэг үгийг утгаар нь ойлгосон юм шиг санагдсан.

Гэхдээ энэ хөтөлбөрөөс авсан хамгийн чухал зүйл нь ирээдүйд миний карьерын өмнө ямар ямар боломжууд байгааг илүү тодорхой олж харж, цаашид ямар замаар, юу хийж болох талаар бодож эхэлсэн явдал байлаа. Ялангуяа AI олширсон, дэлхий хурдан өөрчлөгдөж байгаа энэ үед эрэлттэй байгаа ур чадваруудаа өөрийн сонирхол, сүнсний дуудлагатайгаа хэрхэн холбох вэ гэдэг талаар бас бодлоо.

Энэ нь зөвхөн мөнгө, эсвэл нэг төрлийн ур чадвараас илүү үнэ цэнтэй зүйл юм шиг санагдсан. Саяхан найзтайгаа ярьж байсан юм: “тархинд үр суулгачихвал тэр нь ургаад байдаг юм байна” гэж. Тиймээс тэр үрийг суулгах, өөрөөрөө бодож эхлэх, эргэцүүлэх орон зайг бий болгосон YOUTHinc-д сэтгэлээсээ талархаж байна.

Диаспора хөтөлбөрийн хүрээнд баасан гариг бүр томоохон компаниуд дээр очиж, өөр өөр сэдвээр мэдлэг, туршлага сонсдог байсан нь мөн их таалагдсан. Монголын байгууллагуудын ажлын орчин, түвшин ямар байдаг талаар өөр өөр өнцгөөс харж, Монголд ажиллах гэдэг нь ерөнхийдөө ямар дүр зурагтай байдгийг бага ч гэсэн төсөөлөх боломжтой болсон.

Мөн мэдээж дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол энэ хөтөлбөрөөр танилцсан, Монголын ирээдүй болсон найзууд минь. Өөр өөр оронд, өөр өөр мэргэжлээр суралцаж, олон янзын мэдлэг, туршлага, ур чадвараар бие биенээ хүрээлж өнгөрүүлсэн энэ зун минь та нараас болж бүр ч нандин байлаа.

Монгол жижигхэн, дэлхий бүр жижигхэн гэдэг шиг ирээдүйд хаа нэгтээ дахин уулзах байхаа.

Баярлалаа.