Тархины хөгжил ба ханаагүй тосны хүчлүүд (Омега-3)

Тархины хөгжил ба ханаагүй тосны хүчлүүд (Омега-3) Хүний тархи бүрэлдэн бий болоход ханаагүй поли өөхний хүчлүүдийн оролцоо. Омега-3 буюу n-3 ханаагүй поли өөхний хүчлүүдэд: Еicosapentaenoic acid ( EP…

Хүний тархи бүрэлдэн бий болоход ханаагүй поли өөхний хүчлүүдийн оролцоо.

Омега-3 буюу n-3 ханаагүй поли өөхний хүчлүүдэд: Еicosapentaenoic acid (EPA,20:5n-3), Docosapentaenoic acid (DPA,22:5n-3), болон Docosahexaenoic acid (DHA,22:6n-3) зэрэг өөхний хүчлүүд багтах юм.

Өөхний хүчил ба өөх тосыг судлах олон улсын нийгэмлэгээс эмэгтэйчүүдийг жирэмсэн болон хөхүүл үед өдөрт 300 мг DHA хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь DHA нь ургийн төв мэдрэлийн системийн (жишээ нь: тархи, нүд) хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд тархины бүтэцийн найрлаганд хамгийн их хувийг эзэлдэг ханаагүй поли өөхний хүчил (PUFA) юм. Хүний биед DHA нь үндсэндээ жирэмсний сүүлийн гурван сард, мөн төрсний дараах эхний 6-10 сард маш их хэрэгцээтэй байдаг. Жирэмсний үед урагт DHA нь эхийн цуснаас шууд дамжиж очдог бол төрсний дараа хөхний сүүгээр дамжуулан эхээсээ авдаг. Иймээс жирэмсэн болон хөхүүл эхчүүд DHA-ийг тогтмол тунгаар байнга хэрэглэх шаардлагатай. Хүүхдэд DHA-ийн дутагдал нь танин мэдэхүй болон харааны үйл ажиллагаа сулрах, суралцах чадвар буурах, зан үйлийн өөрчлөлт зэрэг олон тооны эрүүл мэндийн сөрөг үр дагаваруудыг үүсгэх боломжтой. Учир нь хүүхэд төрөхөөс өмнө тархины үндсэн эсүүд болох нейронуудын үүсэлд DHA чухал нөлөөлдөг. Мөн төрсний дараа ч гэсэн тархины туслах эсүүд болох астроцит (мэдээлэл дамжуулагч бодисын тээвэрлэлтэнд оролцдог), олигодендроцит (аксоны миелин бүрхүүлийг үүсгэж цахилгаан сэрэл дамжуулахад оролцоно) болон микроглийн эсүүд (хэрэгцээгүй бодисыг залгиж устгахад тусалдаг) зэрэг эсүүдийн үүсэл хөгжилд мөн синапсын (тархинд мэдээлэл дамжихад мөн ой тогтоолтонд оролцдог бүтэц) үүсэлд DHA шаардлагатай байдаг. DHA-ийг болж өгвөл загас болон далайн гаралтай хоол хүнснээс авахыг эрмэлзэх хэрэгтэй ба Монгол орны хувьд далайгаас алслагдсан бүс нутагт амьдардаг тул хүнсний нэмэлт байдлаар хэрэглэх боломжтой. Иймд худалдаанд байгаа Омега-3 нэмэлт бүтээгдэхүүнүүдийн найрлаган дахь DHA-ийн агуулга нь 370-аас EPA- нь 440-өөс дээш байвал зохимжтой.