Энэхүү захидлаа "Ардчилсан хувьсгал"-ын тугийг өргөж, үзэл санааг тунхаглаж явсан улс төрийн нэрт зүтгэлтэн С. Зоригт хандан бичлээ.
Сайн байна уу? Эрхэм хүндэт Санжаасүрэнгийн Зориг
Эрх чөлөө гэх хаалгаар нэвтэрч, ардчилал гэх өрөөнд аж төрсөөр 30 гаруй жилийг үдээд буй Монгол улсын иргэн Болоршагай миний бие 23 гаруй жилийн өмнө бусдад хорлогдон амиа алдсан Зориг танд энэхүү захиагаа хаяглаж сууна. Багадаа хүүхэлдэй их үзэж, ид шидэд итгэдэг байсан гэнэн, цайлган охин одоо ч миний дотор оршдог бололтой. Тиймээс захиа минь эзэндээ очихгүй байх вий гэж эмээсэнгүй.
Таныг нөхдийн хамт ардчилсан шинэчлэл, өөрчлөлтийн галыг бадрааж, тэмцлийн тайван замыг сонгож, үүний төлөө бүхнийг удирдан манлайлж, зохион байгуулж байхад тань өчүүхэн би хөрст дэлхийд хөл тавих нь байтугай хайрт ижийнхээ хэвлийд бүрэлдээгүй байж. Харин ардчилсан нийгэм эд цэцэглэн хөгжөөд 20 гаруй жил өнгөрч байхад хамар хашааныхаа найзуудтай дээс тоглож, хашааны арын элсэн дээр айл гэр болж тоглож явжээ би. Харин өнөөдөр 30 насыг зооглоод буй Ардчилсан нийгэмд хайр дурлал, хагацал харуусал үзсэн багахан туршлагатай, хааяа Хятад, Солонгос, Японыг Монголтойгоо харьцуулж гунигт автдаг хамаатнуудын хэлдгээр ТОМ ОО ОХИН болжээ би. Эмээ, өвөөгийн үед таныг “Ардчилсан Холбооны Зориг” гэж хот хөдөөгүй мэддэг, хаа явсан газар тань хальт хараад таньдаг байсан гэсэн. Харин манай үеийнхэн дунд таны төрөл садан мэт дотно төрх, “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн үг хоёр тань маамуу нааш ир шиг алдартай гээч.
Ахлах ангид байхад хичээлдээ очоогүй өдрөө ангийнхныхаа талаар элдэв асуултад дарагддаг байлаа. Намайг Батаа муулж байгаа болов уу?, Ангийнхан багшид загнуулж байгаа болов уу?, Сайн найз Намуун минь намайг байхгүйд гуниглаж байгаа болов уу? гээд л зөндөө. Үүнтэй адил та “Зориггүйгээр” улс орон, ард түмэн маань хэрхэн оршин байсныг маш ихээр мэдэхийг хүсч буй байх. Хэдий нимгэн мэдлэгтэй, зөв буруу, сайн саарыг ялгаж ядан яваа ч “Зориггүй” он жилүүдийн талаар өөрийн мэдэхээ таньтай хуваалцья гэж бодсон юм. Үзэг цаас нийлүүлж, үг үсэг хэлхэх эрх чөлөө байгаад талархъя.
Жинхэнэ ардчиллыг хүсч, ард түмнээ, Монголоо гэсэн үнэн сэтгэлтэй байж, сайхан Монголыг хүсч байсны тань хариу цээжинд тань 13 удаагийн хутганы шарх болж ирсэн гэхээр сэтгэл урагдах шиг болдог. “Сайхан үрээ алдчихаад л сууж байна даа. Ядахдаа өвчнөөр өөд болчихсон бол яана гэхэв” гэж таны ижий нас барсны тань дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна лээ. Ямар хэцүү байсан бол хөөрхий. Таны амь насанд халдсан этгээдийг эсвэл бүлэглэлийг өнөөдрийг хүртэл илрүүлж чадаагүй л байна. “Монголын цагдаа, прокурор, шүүх олон ноцтой хэргүүдийг илрүүлэн шалгаж, шударга үнэнийг тогтоож байсан бахархмаар түүхтэй. Гэтэл энэ хэрэг дээр анхнаасаа л будлиантай, эргэлзээтэй ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн юманд “баглагдаж хүлэгдсэн” мэт байгааг “Монголын нийгэм, монголчууд харж, мэдэж, мэдэрч байгаа шүү дээ” гэж хуульч Шаравдорж гуай арга ядсандаа хэдэн жилийн өмнө хэлсэн байна билээ. Үнэхээр сонин л байгаа юм даа. Гэхдээ хамгийн аймаар нь юу гээч. Энэ хэргийг хийсэн гэж худлаа цоллон олон гэмгүй Монгол аав, ээжүүдийг 21-р зууны Ардчилсан Монголд хэлмэгдүүлэн зовоосон. Энэ талаар нэг нэгэнгүй өчвөл та Монгол хүний саруул ухаанд буцалтгүй эргэлзэж улмаар Монгол хүн гэдэг оюуны биш хорон санаа, хууль бус үйлдлийн уурхай болсонтой эвлэрэх учир ингэсгээд орхиё.
Одоо таньд улс маань ямар байгаа талаар ярья. Үнэндээ өнөөдөр иргэд нь эрх чөлөөтэй, хүсэл эрмэлзэлтэй, сайн засаглалтай, эдийн засаг нь тогтвортой өсөж байгаа манай улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Бид төр нь хямралтай, төрийн эрх барьж байгаа хүмүүс нь хувийн болон намын эрх ашгийг ард түмний эрх ашгаас дээгүүр тавьдаг, авилга, хээл хахууль, тэгш бус байдалд живсэн улсаас нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө түүчээлэгч Азийн гүрэн болж чадсан. Жишээ нь: Манай улсад парламентын гишүүдийн улс төрийн соёл болон нийт ард түмний улс төрийн боловсролын төвшин өндөр хөгжсөн байна. Парламентад сонгогдож буй гишүүд жинхэнэ утгаараа биеэ засаад, гэрээ засчихсан, төрөө засахад бэлэн болсон хүмүүсээс бүрдэж байна.
Уучлаарай, Зориг гуай. Худлаа ярьсан юм. Үнэнийг хэлэхэд өнөөгийн Монголын нийгмийн өнгө төрх нэг л бүрсгэр, нэг тийм саарал болчихоод байна. 1992 оны шинэ Үндсэн хуульд дэвшүүлсэн хүнлэг, энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэм байгуулах үндсэн зорилт үлгэр болон мартагдаж, оронд нь Монгол улс ажилгүйдэл, ядуурал, авилгал, хээл хахууль, далд эдийн засаг цэцэглэсэн эх орон болж хувирсаар байна. Танхил насандаа хог сахин амьдарч буй бяцхан үрс. Ахдаа /Эгчдээ/ 100 төгрөг өгөөч гэж хүүхдүүдээс гуйдаг 30, 40 хол давсан ах, эгч нар. Атар талхаа таллаж иддэг гэр бүлүүд. Өдөр нь хууль сахиулагч болж шөнө нь хулгайч болж хувирдаг зарим хуульч, шүүгч нар. Өндөр татвар. Ядарсан иргэнд бол хатуу, баян даргад харин үйлчилдэггүй хууль, дүрэм журам. Баян, ядуугийн ялгаа “нэг Монгол” дахь “хоёр өөр ертөнц”-ийн оршин суугчдыг бий болгож байна. Төрийн албыг худалдсан гэх 60 тэрбум, ЖДҮ, хөгжлийн банкны асуудлууд. Өр зээлийн өр өвтгөм түүхүүд. Эдийн засгийн эвгүй тоонууд. Хэн нэгэн улс төрчдөд худалдагдсан хэвлэл мэдээллийнхэн. Монголоос явж өөр улсад амьдрах мөрөөдөлтэй залуу үе. Эдгээр бол яалт ч үгүй өнөөгийн нийгмийн царай муутай үнэн.
Гэхдээ Зориг гуай, муу нь сайныгаа дийлээд байгаа болохоос бидэнд болж бүтэж байгаа олон сайхан зүйлс бий шүү. Шударга, мэдлэг чадвартай, эх орноо гэсэн хүмүүс олон бий. Олон сайхан бүтээн байгуулалтууд бий.
Харин таны заавал мэдээсэй гэсэн нэгэн үйл хэрэг байна. Тэр бол Зориг Сан. Ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, Зориг таны хийхээр зорьж, тэмүүлж явсан үйл хэргийг үргэлжлүүлэх зорилго бүхий тус төрийн бус байгууллага нь сурах хүсэл тэмүүлэлтэй нийт 2880 гаруй сурагчдад тэтгэлэг олгож, 300 гаруй нийгэмд хэрэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 5000 гаруй Монгол хүүхэд залуустай тулж ажилласан байна. Ажилласаар ч байна. Бүх хөтөлбөр үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг бөгөөд тус сангийн ачаар олон мянган залуус улс нийгмээ зөв залуурдан, хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй болж Ардчилал, Үндсэн хууль, Тусгаар тогтнолын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлж, үлгэрлэсээр байгааг дурдахгүй байх аргагүй.
Бидний аав, ээж, эмээ өвөө нар баярын гэрэл, гунигийн сүүдрийг хэдэнтээ дайрсан ч ардчиллаа хамгаалсаар, үндсэн хуулиа тээсээр цаг хугацааг өртөөлөн өдийг хүрсэн. Харин Монголын ирээдүй болсон шинэ үеийн залуус бид ардчиллаа хамгаалсаар, Үндсэн хуулиа сахисаар, өнгөрсөн алдаанаас суралцаж ямар нь үл мэдэгдэх ирээдүйн зүг эв нэгдэлтэйгээр алхаж чадахаа таньд амлаж байна. Харин Санжаасүрэнгийн Зориг та шинэ үеийн залуус бидний бий болгох Ардчилал үнэн утгаараа бүрэлдэж, Үндсэн хууль нь бүрэн дүүрэн сахигдсан ирээдүйн Монголд “Монгол хүн” болж ахин төрөн урт удаан наслаарай. Энэ л бидний ачийг тань хариулах боломж юм.
Хүндэтгэсэн,
Болоршагай
2022.04.22
