Үл үзэгдэгч гар ингэж үзэгддэг юм

Үл үзэгдэгч гар ингэж үзэгддэг юм Та магад гудамжаар зөрж буй хүнийг гаднаас нь л хараад тодорхой хэмжээнд дүгнэдэг байх. Хэдий тэр хүнийг танихгүй, мэдэхгүй ч. Гол нь тэр хүний нэр хүндэд хандан, шуу…

Та магад гудамжаар зөрж буй хүнийг гаднаас нь л хараад тодорхой хэмжээнд дүгнэдэг байх. Хэдий тэр хүнийг танихгүй, мэдэхгүй ч. Гол нь тэр хүний нэр хүндэд хандан, шууд ба шууд бус арга замаар үзэл бодлоо илэрхийлэхгүй л бол буруудаад байх зүйл үгүй юу?

Жишээ нь газар, шороонд дарагдан, хамрын салсаа нэвт цоолох мэт архи үнэртүүлэн хэвтэх нэгнийг хэн ч л байсан хамгийн муу муухай байж болох хувилбараар нь тодорхойлж, өөрийн үнэлэмжийнхээ хананд доогуур жагсаана.
Дэлхий дээр яг өөртэйгөө адилхан сэтгэл оюунтай, биетэй, ДНХ-тай, бүтэцтэй нэг ч болтугай хүн олно гэдэг ёстой л байж боломгүй хэрэг. Нэг эхээс төрсөн ихэр хүүхдүүд хүртэл гадаад төрхийн хувьд хоорондоо төстэй ч гэсэн ааш зан гээд л хооронд нь тоо томшгүй олон ялгаа бий. Тэгсэн атал бид бүгд л өөрсдөдөө гоо үзэсгэлэнгийн хэмжүүрийг суулгачихсан. Хүрээлж буй хүмүүсийн аль нь тэдний хувьд арай илүү “хүн” -тэй гадаад төрхөөрөө нормд дөхөн очиж байгаагаар нь “ялгаварлан” харьцдаг. Ялгаварлан гадуурхалт нь манай нийгмийн бүхий л хүрээнд нөлөөлдөг учраас нийгмийн асуудал гэж нэрийддэг.
"Номыг хавтсаар нь дүгнэж болохгүй" гэж хүн болгон л ярьдаг, бичдэг,
уншдаг атал өдөр тутмын амьдралд хүмүүсийг дан ганц нийгмийн тогтсон
хэмжүүрт нийцэх, нийцэхгүй байгаагаар нь ялгаварлан харьцдаг уу. Хэн нэгний
арьсан дахь меланины хэмжээ хэн бэ гэдгийг тодорхойлоход чухал үүрэг
гүйцэтгэх ёсгүй. Бид ялгаатай гэхээсээ илүүтэй төстэй;

Хүмүүс бид нийгмийн амьтан. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл
болохгүй. Хүн хэдий амьтан ч “Амьтад асуудлаа хүч чадлаараа шийддэг, хэн
хүчтэй нь дийлж байдаг. Бид үүнийг ширэнгэн ойн хууль гэж хэлдэг. Хүн
амьтнаас оюун ухаан, хэлээрээ ялгагдана” хэмээн XIV Далай лам хэлсэн
байдаг. Тиймээс ер нь л бидний хэл, яриа гэдэг зүйл бол харагдахгүй,
үзэгдэхгүй, амтагдахгүй мэт болов ч хамгийн ихээр мэдрэгддэг, биднийг “өөр”
болгож буй эрхэм нандин зүйл юм. Нэгнийгээ сонсон, хариу үйлдэл үзүүлж, үр
дүнтэй харилцах нь л хэлийг хамгийн дээд цэгт нь хүртэл ашиглаж байгаа
тохиолдол. Тиймдээ ч өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх гэдэг эрх нь
хүний бусад эрхүүдээс дээгүүрт тооцогдох уу? Хүн болгон л “дотоодоо”
илэрхийлэхийг хүснэ. Тийм ч болохоор хэрэггүй зүйлд ч амаа уралдуулна.
Даамжирсаар даамжирсаар нөгөө мэдээлэл солилцох хэрэгцээ нь хар яриагаар
бол “хов базалт” болчихсон уу?
Үгээр хүнийг алж ч болдог, амилуулж ч болдог...
Хэн нэгний амнаас гарах хэдхэн үг л өөр хүний амьдралыг шийдчихнэ. Огтоос өмнө
нь нүүр тулж харилцаж үзээгүй хүнийг эсвэл мэддэг ч, таньдаг төдийхөн, цөөн хэдхэн
цагийг өнгөрүүлчхээд хамгаас сайн мэддэг мэт амныхаа зоргоор амьдралыг нь
тоочих. Би чамайг мэддэг, мэднэ гэсэн хандлагатай.
Үл үзэгдэх, хийсвэр мэт боловч бодит. Үүнийг л үг, яриа, хэл гэх болов уу даа.