Үнэлгээний талаар би юу олж мэдсэн гээч

Үнэлгээний талаар би юу олж мэдсэн гээч Залуу Үнэлгээчдийн дадлагажигч хөтөлбөрийн Season 1 буюу нэгдүгээр улирлын сэтгэгдлээ хуваалцья. Хэдэн настай байхаасаа эхэлснээ тод санадаггүй ч багын л самбар…

Залуу Үнэлгээчдийн дадлагажигч хөтөлбөрийн Season 1 буюу нэгдүгээр улирлын сэтгэгдлээ хуваалцья.

Хэдэн настай байхаасаа эхэлснээ тод санадаггүй ч багын л самбарын урд гарах, шинэ хичээл бүрийг сонирхож шимтэн дурлаж хийдэг олон хүний өмнө гарахыг хүсдэг идэвхитэй охин байлаа. Үргэлж сурахыг, үргэлж шинэ зүйлстэй танилцаж мэдэж хөгжихийг хүсдэг бас өөрөөсөө шаарддаг хүн юм. Энэ хүслийн илэрхийлэл бол Залуу үнэлгээчдийн дадлагажигч хөтөлбөр гэж итгэн бүртгүүүлээд шалгаруулалтыг давж тэнцэн нэгдснээс хойш аль хэдийн 2 сар өнгөрчээ.

Энэ хөтөлбөрийн нэг хэсэг болж үеийн олон залуустай танилцаж тэдний хүсэл зорилгыг сонсож юу хийж бүтээж бас эрмэлзэж явааг мэдэх хамгийн таатай мэдрэмж, суралцах хүч байлаа.

Бидний эхний улирал Youth in Evaluation Week буюу Үнэлгээний салбарыг олон нийтэд тэр дундаа залуучуудад таниулах, түгээх зорилготой олон улсын долоо хоногийг Монголдоо анх удаа зохион байгуулах ажилд хамтран оролцох байв. Энэхүү ажлын хүрээнд 4 багт хуваагдсан бөгөөд миний хувьд Manifesto signing and Standard adoption багийн орчуулгын багт орж ажилласан. Мөн засгийн газрын байгууллагууд руу холбогдож үнэлгээнд залуучуудыг оролцуулж ажиллуулах олон улсын стандарт бичигт гарын үсэг зурж нэгдэхийг урьж, байгууллагын талаар мэдээлэл өгч утсаар холбогдох ажил дааж авсан бөгөөд Улаанбаатар хотын захирагчын албатай уулзалт товлон уулзсан маань тэмдэглүүштэй үйл явдал байв.

Улаанбаатар Хотын Захирагчийн албаны Хяналт Үнэлгээ шинжилгээний хэлтэс

Үнэлгээ гэж юу вэ, үүний талаар хэр зөв ойлголттой явсан бэ гэдэг асуултад өөртөө хариулт олж эхэлсэн хугацаа өнгөрчээ. Би хувь хүнийхээ хувьд бусдаас санал шүүмж зөвлөгөө авдаг зан чанар маш чухал гэж хардаг. Тухайн хүний алдаа дутагдлыг цагын эртэд засч, илүү сайжруулахын төлөө онож харж хэлдэг байх бас түүнийг хүлээж авдаг байх нь амжилт юм. Үнэлгээ бол том зургаараа үүнтэй агаар нэг зүйл. Аливаа төсөл хөтөлбөр, ажил гээд бүхий л зүйлийн алдаа дутагдлыг судалгаа шинжилгээтэй системтэйгээр олж илрүүлэн цаашид илүү сайжруулах эсхүл эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргыг зааж өгдөг гэдгийг мэдэх таатай байлаа. Америкийн их сургуулийн багш нар цахимаар хичээл орж үнэлгээ хийх арга зүй, мэдээлэл хуваалцсан нь өдөр тутамдаа ашигладаг компьютерын программуудыг бүтээлчээр ашиглах талаар суралцахын зэрэгцээ мэргэжлийн хүмүүсээс англи хэл дээр хичээл сонсох нь давхар олон үр өгөөж хүртээсэн юм.

Сургалт, уулзалт, даалгавар гээд өдөр бүрийн завгүй амьдралын хэмнэл хоёр дахин илүү завгүй болсноор цөөнгүй шалгууртай нүүр тулсан. Тэр болгонд дуртай хүссэн зүйлдээ эрч хүчтэй хэвээр цагийн менежмент, хувийн зохион байгуулалт илүү сайжирсан гэж бодож байна. Гэхдээ би ганцаараа биш багаараа байсан учраас их ачаалал, хүнд зүйлтэй огт тулгараагүй, нэг мэдэхэд л Season 1 маань дуусчихсан байсан юм. Улирлын төгсгөлд багаараа тойрч суугаад илүү дотно танилцаад сүүлийн багийн ажил болох богино бичлэг хийсэн нь бас нэг сонирхолтой үйл явдал болж үлдсэн. Камерын өмнө гарахдаа сандрахгүй чөлөөтэй байж сурахыг хүсдэг надад бяцхан туршлага болсон.

Үнэлгээний салбарыг илүү таньж мэдэн мэргэшихийг зорьж буй надад энэхүү дадлагажигч хөтөлбөрөөр дамжуулан өөр шинэ үүд хаалгууд нээгдсэн өгөөжтэй цаг хугацаа өнгөрсөнд талархаж байна.