
Европ тивийн зүрхэнд орших Унгар Улс нь дэлхийн олон орны оюутан залуусын очиж суралцдаг хамгийн түгээмэл газруудын нэг болсон. Олон улсын соёл иргэншлийг нэгтгэсэн байдал, амьдрах хямд өртөг, аюулгүй байдал, боловсролын чанар, тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт боломжууд нь гадаад оюутан, суралцагчдыг ихээр татаж байна. Тэгвэл та бүхэнд ЯАГААД Унгар улсыг сонгох хэрэгтэй талаар 5 шалтгааныг хуваалцъя.
Шалтгаан 1: Засгийн газрын тэтгэлгээр чанартай боловсрол эзэмших
Гадаад улсад суралцахад хамгийн түрүүнд сургалтын төлбөрийн асуудал гарч ирдэг. Тэр дундаа Европ тивд суралцана гэдэг маш өндөр өртөгтэй. Унгар Улсын их дээд сургуулийн боловсролын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг ба бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүд нь англи хэл дээр суралцах боломжтой байдаг. Бизнесийн удирдлага, эдийн засаг, инженерчлэл, хүрээлэн буй орчин, компьютер технологи, газар тариалан гэх мэт олон төрлийн хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой.
Stipendium Hungaricum Scholarship Programme тэтгэлгийн зар жил бүрийн 11 сарын дундуур зарлагдаж, 1 сарын дундуур материал хүлээн авч дуусдаг. Монгол Улсад тэтгэлгийн зар Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны сайтын Гадаадад суралцах хэсэгт нийтлэгддэг. Ер нь ЗГ-ын гадаад, дотоодын тэтгэлэг сонирхож байгаа бол mecss.gov.mn сайтаар 14 хоногтоо нэг удаа орж үзээд байхад мэдээллээс хоцрохгүй. БШУЯ-аас жил бүр Унгарт ямар мэргэжлээр оюутнуудыг сургах талаар жагсаалт гаргадаг. Тиймээс зөвхөн тэр мэргэжлүүдээр сурахаар өргөдөл өгч болно.

Унгарын ЗГ-ын тэтгэлэгт багтсан зүйлс:
- Сургалтын төлбөр 100%
- Дотуур байр 100% (Хэрвээ дотуур байрандаа багтаагүй эсвэл гадуур байр хөлслөх бол сард EUR 100 өгдөг. Энэ нь 1 өрөөний түрээсэнд хүрэхгүй учраас өөрөөсөө нэмж 50–100 EUR гаргах хэрэгтэй болно)
- Сар бүрийн амьжиргааны зардал (Бакалавр, магистр EUR 103, Доктор EUR 331-425. Гадуур гарах дуртай, гадуур хоол их иддэг, хааяадаа наргиж цэнгэдэг, үзвэр үйлчилгээ үздэг бол сард нэмээд EUR 50–100 өөрөөсөө гаргах хэрэгтэй болно. Докторын оюутнуудад бол тэтгэлэг нь хангалттай хүрэх ба тэтгэлгээ хэмнээд Европоор аялах боломжтой.)
- Эрүүл мэндийн даатгал (TAJ гээд улсын даатгалд нь Шүд, халдварт өвчин хүртэл багтсан байдаг бол UNIQA зэрэг хувийн даатгал нь эмчид үзүүлэхэд оочир ихтэй байдаг.)
Илүү ихийг мэдэхийг хүсвэл:
- www.stipendiumhungaricum.hu – Засгийн газрын тэтгэлгийн материал хүлээн авдаг вэбсайт
- www.studyinhungary.hu – Засгийн газрын тэтгэлэг болон Унгарт хэрхэн суралцах талаар мэдээллийг багтаасан вэбсайт
- Унгар улсад сурцгаая фейсбүүк групп
- The Young Mongolia Initiative Corvinus их сургуулийн докторантын хөтөлдөг пэйж
- Унгарт тэтгэлгээр суралцагчид фейсбүүк групп
- Study in Hungary official Facebook page
- Stipendium Hungaricum Aspirants Унгарын тэтгэлэг хөөцөлдөж буй залуусын групп.
Шалтгаан 2: Амьдрах өртөг хямд
Унгар улсын хэрэглээний өртөг ихэнх Европын орнуудтай харьцуулахад харьцангуй хямд байдаг. Энэ нь оюутнуудын хувьд таатай нөхцөл юм. Жишээ нь, АНУ-тай харьцуулахад Унгарт амьдрах өртөг 43%-аар, түрээсийн байрны үнэ 70%-аар тус тус хямд байдаг. Будапешт хотод байрны 1 сарын түрээсийн дундаж үнэ 400 евро байдаг нь Лондон хоттой /Лондонд ойролцоогоор 683 фунт /харьцуулахад мөн л хавьгүй хямд байна. Мөн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах зэрэг нь чанартай дээрээс нь хямд учраас сарынхаа стипендээрээ хоолоо өөрөө хийгээд идэхэд хангалттай хүрэлцдэг.

Шалтгаан 3: Амьдрах аюулгүй орчин
Одоо үед гадаадад суралцаж амьдрахад боловсролын өртөг, сургуулийн чанараас гадна аюулгүй амьдрах орчныг нэн чухал шалгуурын нэг болгож байна. Тэгвэл Унгар улс дэлхийн 163 орноос аюулгүй байдлаараа 13 дугаарт жагсдаг. Яг л кинон дээр гардаг шиг классик хэв маягийн Европ барилга байгууламж, урлаг уран сайхан нутагшсан үзэсгэлэнтэй хотууд мөн стресс багатай хүмүүс амьдардаг тул амьдрахад туйлын таатай газар.

Шатгаан 4: Ажиллах боломж
Унгар улсад гадаад оюутнууд хичээлийн хажуугаар 7 хоногт 24 цаг ажиллах боломжтой байдаг. Харин төгсөөд бүтэн цагаар ажиллах боломжтой. Хичээлийн хажуугаар хийх боломжтой цагийн ажлууд их ба эдгээрийг долоо хоногт 40 хүртэлх цагаар хийх боломжтой байсан. Мөн Унгар Улс нь өртөг багатай тул олон улсын корпорац компаниуд (жишээ нь: McKensey, BCG, Citi Bank, Samsung, Hitachi, Hankook гэх мэт) салбаруудаа нээсэн нь Унгар хэлгүй ч Англи хэлээрээ ажиллах боломжийг бүрдүүлсэн. Мэдээж суралцахын хажуугаар Унгар хэлээ сайжруулан суралцвал илүү олон ажлын боломжууд гарч ирэх болно. Мөн Унгар улсын иргэдийн орлогын түвшин Европ тивдээ дээгүүр байр эзэлдэг.

Шалтгаан 5: Европын улсуудаар аялах боломж
Аялал гэдэг нь их хичээлийн хажуугаар хэн бүхний толгойгоо сэргээх боломж байдаг. Нэгэнт л төв Европт суралцаж байгаа юм чинь Европ тивийн үзэсгэлэнт улс, хотуудаар аялж, гоё дурсамжууд бүтээх нь чухал байдаг. Унгар улсад оршин суух хугацаандаа Шенгений 27 улсуудаар визгүй зорчих болон Европын Холбооны бүх улсаар маш хямд зардлаар аялах боломжтой. Мөн Унгар Улс байгалийн үзэсгэлэнт газрууд, нуур, халуун рашаан элбэгтэй тул Унгар улс дотроо ч аялахад таатай.

