Би ч мөн адил гайхсан, гэхдээ тэднийг "ийм" зүйлд гайхаж байгаад гайхсан...
Саяхан би дэлгэцээр "Сэргээш-3" хэмээх тухайн үедээ ч тэр одоо ч тэр нэлээд "хит" хөдөлгөөнт дүрс бүхий бүтээлийг сонирхолоо. Уг бүтээл нь дотроо хэд хэдэн хэсгүүдтэй байх бөгөөд хэсэглэл бүрт өөрийн эрхгүй уусчихмаар, ихэд сонирхолтойгоос гадна санаа болоод үйл явдал нь дан хөгжөөнт гэхээсээ илүүтэйгээр Монголчуудын ахуй амьдрал, соёл хэрхэн өөрчлөгдөж мөн хувирч болох талаар харуулсан нь надад үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлж, олон ч зүйлийг бодогдууллаа.
Энэхүү мьюзиклийн хоёрдугаар хэсэглэлд социализмийн үеийн өндөр бүдүүн өсгийт, шувтан эхлэл өргөн төгсгөл бүхий дөрвөн өнцөгт хэлбэртэй өмднүүд, өнгө өнгийн бохь гээд л ёстой л далаад оны Монголчуудын амьдралыг харуулах бөгөөд хэд хэдэн хачирхалтай асуултууд болох тухайн үед Япон улс хэрхэн "савтай ус" зардаг, хэрхэн "агааргүй" болж байгаа талаар гарч ирдэг.
Жаахан байхад дэлгүүрт ороход лангуу бүрт л савтай "ус" байна. Бага ангид, дунд ангид, ахла ангид гээд л хаа ч л дэлгүүрт савтай усыг зарж л байдаг. Тийм болохоор ч тэр юм уу төрсөн цагаасаа өдийг хүртэл савтай усыг ер нь ээж, аав, эмээ, өвөөгийн минь үед ч үргэлжид зарсаар л ирсэн юм байна гэж боддог байсан. Тиймээс "Бидний уудаг хар усыг уу?" гэж өнөөх өндөр өсгий, трапез өмд өмссөн донжтой ах эгч нар маань уулга алдахад нь би ч мөн адил гайхсан, гэхдээ тэдний гайхаж байгаад гайхсан. Намайг та нар магадгүй юм мэдэхгүй, ёстой л "Үс нь урт, ухаан нь дутмаг" юм гэж бодох биз, гэхдээ ер нь ч тийм юм шиг. Анх удаа л үнэхээр усыг зардаггүй байсан гэж үү? Бүр худагаас ус авахдаа хүртэл усыг худалдаж авдаггүй байсан гэж үү? гэсэн бодол төрсөн. Үргэлжид лав ийм байгаагүй болов уу.
За тэгэхээр Монгол улс маань 1970-аад онд дэлгэр сайхан тал дээрээ таван хошуу малаа хариулаад, уушги дүүргэх цэвэр агаартай, хэзээ ч "дуусашгүй" хаанаас л бол хаанаас аваад цангаагаа тайлж, ундандаа хэрэглэх цэнгэг устай байжээ. Харин үнэхээр усыг зардаг гэдгээрээ гайхагдаад байгаа Япон улс ямар байсан болж таарах вэ? 1970 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Нью Йорк Таймс нь "Япон улс 1970 онд өөртөө итгэх итгэлээ сэргээж, эдийн засаг нь цэцэглэн хөгжиж байна" хэмээх томоос том гарчигтай сонингоо нийтлэж байжээ. Уг нийтлэлд Япон улсыг:
-"Дэлхийн хоёрдугаар дайны ялагдал, сүйрлээсээ гарч, хамгийн хүчирхэг гурав дахь эдийн засгийг бий болгохын тулд АНУ, ЗХУ-ын ард түмнээс илүү гарч чадсан, Калифорниа мужаас хавьгүй жижигхэн дөрвөн нарийн арал дээрх хүмүүс энд байна” хэмээн дүрсэлсэн байдаг. Тэгвэл бидэнд Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдал хүлээсэн орон хэрхэн 1970 он гэхэд нийгэм болоод эдийн засагаараа тэргүүлэх замд хүрч 2021 онд техник технологи, бусад бараг бүхий л зүйлээрээ дэлхийд дээгүүр алхаж байна вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Хариулт нь ер их энгийн, савтай ус.
Дэлхийн 2-р дайн дуусахад АНУ тэргүүтэй холбоотны хүч үндэстнийг эзэлж, эрс өөрчлөлтийг авчирсан. 1945 оны 8-р сарын 6-нд Америкийн Б-29 бөмбөгдөгч дэлхийн анхны байрлуулсан атомын бөмбөгийг Японы Хирошима хотын дээгүүр хаяж дэлбэрэлт даруй ойролцоогоор 80,000 хүний амийг авч одсон; хэдэн арван мянган хүн дараа нь цацраг идэвхт туяанаас болж амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон билээ. Гурван өдрийн дараа хоёр дахь B-29 онгоц А-гийн бөмбөгийг Нагасаки руу хаяж, 40,000 орчим хүний аминд хүрсэн байна. Асар олон хүний амь нас эрсдэж, байгаль орчин, эдийн засаг нь доройтолд орж, байгалийн нөөцөд ч маш их хохирол учруулсанаас Япон улс зэвсгээ хурааж, эзэнт гүрэн нь татан буугдаж, засаглалын хэлбэр нь ардчилсан болж өөрчлөгдсөн. Тухайн үед "ус" гэдэг бол жинхэнэ утгаараа чандмань эрдэнэ байсан гэж хэлж болох юм. Угаас арал дээр байрладаг учир эргэн тойрны усны нөөц болоод зарим гол, гадарга дээрх усыг нь шууд хэрэглээнд ашиглах боломжгүй байснаас мөн хүн ам нь хоёрдугаар дайны төгсгөлд огцом буурсан ч цаг хугацааны эрхэнд зуун тав гаруй сая болтлоо өссөн хэмээх “Эрүүл мэндийн хэмжилт, үнэлгээний хүрээлэнгээс” гаргасан тоон үзүүлэлт дээр үндэслэн хэт их хүн ам болоод усны эх үүсвэрийн дутагдлаас нэмэгдсэн усны эрэлтийг хангахын тулд Япон улс усаа зарж эхэлсэн ба энэ нь тухайн үедээ олон улсуудын хувьд "инээдтэй, хачирхалтай, цочирдмоор" байсан ч тэд удалгүй өөрсдийн шийдвэрийг зөв гэдгийг 2014 онд зах зээлийн хэтийн төлөв нь 3’216’000 литр савласан усны хэрэглээний дээд амжилт тогтоосоноор батлажээ.
Харин манай улсын хувьд 1970-аад онд социалист нийгэмд амьдардаг байжээ. Социализмийн гол үнэт зүйл нь үзэл санаатайгаа адилхан. Хүн бүр тэгш эрхтэй байсан. Тухайн үед нийгмийн нийт хэсэг бие биеэсээ нэг их ялгардаггүй байсан. Социализм монгол хүнийг боловсролтой болгож, монголын нийгмийг эрүүлжүүлж, соёлжуулж, тэгш эрхийг нь хангаж өгсөн.” Нүдний цөцгий мэт хайрлаж, хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй, нандигнан хайрлаж, тахин шүтэж байх зүйл нь нийгмийн өмч, социалист өмч” гэж байжээ. Хэдий нийгэм, социалист өмчөө нандигнан хайрлаж чадсан ч булаг шанд, гол горхи, нуур цөөрөм, далай тэнгисийг үүсгэж байгаа устөрөгч, хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нэгдэл болох тунгалаг, өнгөгүй ус гэгч байгалийн нэгэн зүйл шингэнээ сайн хайрлаж чадсан болов уу?
Өмнө дурдсанчлан бид хаанаас ч гаргаад ашиглах боломжтой устай байсан төдийгүй түүнийгээ хүссэнээрээ ашиглаж болдог байж. Энэ нь тэгвэл сайн зүйлд хүргэсэн гэж үү? Одоо бид бараг үргэлж л гадуур гарахдаа өнөөх алдарт савтай усыг “худалдаж” авч, үргэлж л ашиглахаасаа өмнө буцалгаж, үргэлж л дахин цэвэршүүлдэг болсон. Монгол орны усны жилийн нөөцийг нуураас 500 км3, мөсөн голоос 62.9 км3, гадаргын уснаас 34.6 км310), газрын доорхи уснаас 10.8 км3 усыг тооцдог. Эдгээр нөөцийн 63.5% нь гадаргын ус, 36.5% нь үнэндээ газрын доорхи ус юм. Газар дээр байгаа усны нөөцийг заавал цэвэршүүлж ашиглах шаардлагатай гэдгээс харвал бидэнд зөвхөн 36,5 хувийн л усны нөөц байна. 2018 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ гэсэн байдаг. Хэрэв “дуусашгүй” гээд ашиглаад л бохирдуулаад л байвал нүдний өмнө хоосроно гэсэн үг биш гэж үү?
Усаа хүртэл зарна гэдэг хэцүү сонсогддог байсан байж болох ч ганцхан сав ус л бүхэл бүтэн улсыг аварч чадах нь байна. Гол учир нь усыг “зарах” замаар түүний үнэ цэн, хэрэгцээг бусдад ойлгуулж, хомсдлоос сэргийлэхэд туслаж байгаа болохоос хүмүүсийн халаасыг хэрэгцээт амин эрдэнэ усаар нь “боон” хоослоод байгаа биш юм гэж бодогдоно.
Ашиглагдсан эх сурвалжууд:
https://ww2.frost.com/frost-perspectives/overview-bottled-water-market-japan/ https://res.mdpi.com/d_attachment/water/water-12-00199/article_deploy/water-12-00199-v2.pdf https://www.hiroshima-moca.jp/en/docs/press/e_70s_1.pdf http://time.mn/jPC.html https://www.nytimes.com/1970/01/05/archives/japan-is- entering-the-1970s-with-selfconfidence-restored-and.html http://ghdx.healthdata.org/record/japan-population-census-1970
