
Харвасан сум шиг өнгөрсөн хоёр сар өндөрлөхөд би яагаад энэ хөтөлбөрт орсноо эргэн нэг санасан юм. Youthinc буюу Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн зохион байгуулсан Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан минь миний амьдралд томоохон өөрчлөлт авчирсан шийдвэр байжээ.
Зуны гурван сарын хугацаанд ажиллаж өнгөрөөсөндөө гэмшиж байсан үеэ би тодхон санаж байна. Ид сурч, бүтээх насандаа цаг заваа дэмий зүйлд зарцуулж байна гэж өөрийгөө зэмлэдэг байв. Найз, үеийнхэн маань олон хөтөлбөрт хамрагдаж, мэдлэг чадвараа хөгжүүлж байхад би юунаас эхлэх, юу хийхээ мэдэхгүй байлаа. Энэ олон асуулт дунд интернэтээс Youthinc-ийн зохион байгуулдаг Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрийн мэдээллийг олж харсан минь миний хувьд хувьсгал байв.
Бүртгүүлж, оролцох эрхээ авснаас хойш би гайхалтай аяллыг эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд өөрийгөө таньж мэдэх, хөгжүүлэх олон сургалтад хамрагдаж, амьдралын тэнцвэр, зөөлөн ур чадвар, дижитал ур чадвар, зохистой хөдөлмөр эрхлэлт, төсөл бичих зэрэг өнөө цагийн залууст зайлшгүй хэрэгтэй чадваруудыг сурч мэдлээ. Сургалтаас авсан хамгийн том ухаарал бол “би аливаад цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлж чадна” гэх итгэл байв.
Зарим үед завгүй, ядрах үе байсан ч хөтөлбөрийн сургалтуудаа орхилгүй оролцохыг хичээдэг байсан. Учир нь энд би зөвхөн мэдлэг авсан төдийгүй маш олон гайхалтай залуустай танилцаж, тэдний туршлага, үзэл бодлоос суралцсан. Энэ бүхэн намайг илүү нээлттэй, уян хатан хүн болгоход тусалсан.
Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрт сурсан зүйлсээ ирээдүйд бусдад түгээж, залууст хүргэх хүсэлтэй байна. Ялангуяа өөрийн сургуулийн сайн дурын клубийн гишүүд болон хичээлээс гадуур цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсдэг оюутнуудад сургалт зохион байгуулж, өөрийн олж авсан мэдлэгийг хуваалцахаар төлөвлөж байна. Түүнчлэн энэ хөтөлбөрийг өөрийн сургуулийн залууст таниулж, тэднийг энэ гайхалтай боломжид нэгдэхэд туслахыг хүсэж байна.
Миний хувьд амьдралын тэнцвэрийг хадгалах ур чадварын талаар илүү дэлгэрэнгүй судалж, хөгжүүлэх хүсэлтэй байна. Энэ нь орчин цагийн залуусын тулгарч буй гол асуудлуудын нэг тул зөв шийдэл олоход туслах мэдлэгийг олж авах нь чухал юм. Тиймээс энэхүү хичээлийг илүү гүнзгийрүүлэн судлах боломжтой юм.
Хөтөлбөрийн зохион байгуулалтын талаар бодоход оролцогчдыг анхнаас нь илүү ойр дотно танилцах боломж бүрдүүлж, хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зүйлс хэрэгтэй гэж санагдсан. Хамтын ажиллагааг сайжруулахын тулд зарим сургалтын гэрийн даалгаврыг багаар ажиллах даалгавар өгч, дараа нь төсөлтэй хослуулбал илүү үр дүнтэй байх болов уу.
Youthinc болон тэдний зохион байгуулдаг Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр бол залуучуудад олдсон маш том боломж юм. Бид энгийн мэт санагддаг ч амьдралд чухал олон асуудлыг анзаарах, шийдвэрлэх арга замд суралцсан. Хөтөлбөрийнхөө арын албанд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлмээр байна. Энэ гайхалтай санаачилгыг илүү олон хүнд хүргэх, бусдад урам зориг өгөхөд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байна.
Эцэст нь Youthinc болон Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд баярласнаа илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье. Энэхүү хөтөлбөр дөнгөж насанд хүрч буй залууст мэдлэгийн гүүр болж, тэднийг амжилттай ирээдүйд хөтөлсөөр байна. Хөтөлбөрийн гайхалтай дурсамж, мэдлэг туршлага хэзээ ч мартагдахгүй.
