YOUTHinc байгууллагаас зохион байгуулсан “D-TECH YOUTH” хөтөлбөрөөс төрсөн миний сэтгэгдэл

YOUTHinc байгууллагаас зохион байгуулсан “D-TECH YOUTH” хөтөлбөрөөс төрсөн миний сэтгэгдэл Миний хувьд хиймэл оюун ухаан, код гэдэг зүйлс дээр нүд харанхуй байсан үе саяхан. Амьдралдаа ийм зүйл байдаг…

Миний хувьд хиймэл оюун ухаан, код гэдэг зүйлс дээр нүд харанхуй байсан үе саяхан. Амьдралдаа ийм зүйл байдаг шүү дээ гээд харж байсан төдий л болохоос биш өөрөө ингэж ашиглаж, бүтээгдэхүүн гаргана гэж бодож ч байгаагүй, төсөөлөөж ч байгаагүй. Анх бол зүгээр л оролдоод үзье гэж бодсон ч гэлээ ингэж аппликейшн хийх хүртэл явна гэж бодоогүй.

Хөтөлбөрийн дундаас орсон болохоор анх ойлгохгүй зүйл их, яг юу болоод байгааг их гайхаж төөрөлдөж билээ. Хичээлийн ширээнээс холдож байгаагүй хүн ийм зүйл хийнэ гэхэд гэрийнхэн бол нэлээдгүй их гайхаж байсан. Хөтөлбөрийнхөө хамгийн бага нь гэхэд хилсдэхгүй миний хувьд энэ зүйл яг л “БОЛОМЖГҮЙ” гээд хаалга хаачихсан, давж баршгүй том хана мэт л байсан.

Багш нэг өдөр “Хакатон гэх тэмцээн болно, та нар баг болоод бэлд” гэж хэлэхэд тухайн үед чихэнд нэг л наалдахгүй байж билээ. Баг хуваариллаа танихгүй хэдэн хүмүүстэй нэг баг болчихсон. Яаж, юуны тухай хийх вэ, ямар зүйл хийвэл илүү ашигтай байж болох вэ гэж нэлээд их эргэлзэж байсан манай баг. Хэсэг цахимаар ярьж үзлээ, багшийн оффис дээр ч очиж хэлэлцэж, бэлдэж үзлээ. Нэг баг болоод ажиллахад маш хариуцлагатай байсан манай багынхан. Ийм зүйл хийвэл дээр юм биш үү гээд санал тавихад, болно шүү дээ гээд л инээгээд л хөөрхөн хүлээгээд авчихдаг. Дандаа эгч, ах хүмүүс байсан болохоор байнга яаж байна гээд л их хөөрхөн хүмүүс байсан. Багыг бүрдүүлэх хүмүүс их чухал юм байна гэдгийг үүнээс их мэдэрсэн. Багш, оюутан, сурагч гээд 3 өөр үеийн хүмүүс байсан нь өөр өөр санаа дэвшүүлж нэгтгэж хийсэн нь “Багш нарын ажлыг хөнгөвчлөх AIDU апп”-ийг бүтээхэд чиглүүлж өгсөн гэж боддог.

Манай хөтөлбөрийн багшийн хувьд их яриа сайтай, хүлээцтэй багш байсанд би баярлаж байгаа. Ойлгохгүй байна гэхэд л хараад өгье, заагаад өгье гээд их чин сэтгэлээсээ бидэнд хандсанд, заасанд талархаад ханашгүй мундаг хүн дээ. Манай багын хувьд багшийг их зулгаасан. Энэ хүн байгаагүй байсан бол ингэж нэгдүгээр байранд орох төсөөлөл агаарт замхрах байсан санагддаг. Ингэж их сэтгэл, хүч хөдөлмөрөө гарган байж бидэнд тусалж байхад итгэлийг нь алдах эрхгүй санагдаж байсан.

Үүнээс гадна энэ бүхний ард багана мэт тогтвортой ажиллаж байсан Балжинням эгчид үнэхээр баярлаж байсан. Асар олон зүйлийг зэрэг хийж, амжуулж, хариуцаж яваа энэ бүсгүй байгаагүй бол уг хөтөлбөрт хамрагдсан 20-оод хүмүүс энэ бүх мэдлэг, мэдээллээс хоцрогдох байсан болохоор энэ бүхнийг зохион байгуулсан, оролцсон бүхий л хүмүүстээ гүнээсээ талархъя!