Хөдөлмөрлөх эрх нь хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх, бөгөөд иргэн бүр зохистой хөдөлмөр эрхлэх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй.
Өнөөгийн хөдөлмөр, нийгмийн харилцаанд залуучуудын ажилгүйдэл өндөр, залуучуудын хөдөлмөрийн харилцааны талаарх ойлголт, мэдлэг тааруу байгаагаас шалтгаалан ажлын байранд ялгаварлан гадуурхалт, ажлын байрны хууль бус дарамт шахалтад өртөх, албадан хөдөлмөр эрхлэх, шударга цалин хөлс авч чадахгүй байх, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх нь түгээмэл, нийгмийн хамгааллын хүртээмжтэй тогтолцоонд хамрагдах байдал сул байгаа ба үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртөх нь хамгийн өндөр байгаа билээ.
Зохистой хөдөлмөр эрхлэлт нь нийгэмд шударга ёсыг тогтоох үндсэн хэлбэр болдог. Зохистой хөдөлмөрийн харилцааг ажлын байр бүрд төлөвшүүлэхэд төр, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлүүд, иргэний нийгмийн байгууллагуудын үр бүтээлтэй хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоо маш чухал юм.
Тиймээс Залуус ба ажил олгогчдын мэдлэг, чадварыг хөгжүүлж, тулгамдсан асуудлаа гаргаж ирэх, шийдлийг хамтран боловсруулах, хэрэгжүүлэх чадавхтай болоход дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэн; Монгол Улсад зохистой хөдөлмөрийн харилцааг ажлын байр бүрд төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бодлогод нөлөөлөх үндэсний кампанит ажил зохион байгуулах, талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор бид эвсэн нэгдсэн билээ.
Сонирхуулахад, “Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих” үндэсний сүлжээ нь 2018 онд ОУХБ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд Одоогоор манай сүлжээнд Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 17 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Сүлжээний зохицуулагч байгууллагаар манай Монголын Залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг- буюун YOUTHinc. ажиллаж байгааг мэдэгдэхэд таатай байна. Мөн сүлжээний идэвхитэй гишүүн байгууллагууд болох:
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
- Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо - Залуучуудын хороо
- Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо -ны Залуу Ажил Олгогч Эздийн Нийгэмлэг
- Монголын залуучуудын холбоо
- Монголын хуульчдын холбоо
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
- Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
- Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар
- Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар
- НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо-UNYAP
- Хилийн чанадад суугаа Монголчуудын зөвлөл
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт
- Хүний эрхийн үндэсний комисс
- Тогтвортой хөгжил-Иргэдийн оролцоо ТББ
- Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл зэрэг байгууллагууд
