НҮБ-ын “Залуучуудад зохистой ажлын байр” дэлхийн санаачлагын (UN Global Initiative on Decent Jobs for Youth) хүрээнд ОУХБ-аас “Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих” үндэсний сүлжээтэй хамтран “Залуучуудын хөдөлмөрлөх эрх”сэдэвт вебинарыг 2021 оны 8 сарын 20-нд зохион байгууллаа.

Тус вебинараар Монголын хөдөлмөрийн зах зээл дээр болон хөдөлмөрлөх эрхийн хүрээнд залуучуудад тулгарч буй сорилт бэрхшээл, нэн ялангуяа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан залуучуудын хөдөлмөрлөх эрхийг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар санал солилцож, хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Энэхүү вебинарт ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Феликс Вайденкаф, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Ш.Маяа, Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний зохицуулагч Ч.Балжинням, МҮЭХ-ны Залуучуудын хорооны дарга Э.Тамир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо болон сүлжээний гишүүн бусад байгууллагын төлөөлөл оролцож цаашид хэрхэн үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож, залуучуудын хөдөлмөрлөх эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулахаар тогтлоо.

Сонирхуулахад, “Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих” үндэсний сүлжээ нь 2018 онд ОУХБ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд Одоогоор манай сүлжээнд Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 17 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Сүлжээний зохицуулагч байгууллагаар манай Монголын Залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг- буюун YOUTHinc. ажиллаж байгааг мэдэгдэхэд таатай байна.

Хөтөлбөр
Хүснэгт: Цаг | Агуулга // 9:00 – 9:10 (10’) | П.Болормаа, ОУХБ-ын Үндэсний зохицуулагч; Ч.Балжинням, Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний зохицуулагч // 9:10 – 9:40 (30’) | Нийт оролцогчдыг танилцуулна.; Оролцогч байгууллагуудын төлөөлөл дараах асуултын дагуу товч мэдээлэл хуваалцана:Танай байгууллагаас 2021 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ямар гол үйл ажиллагаа явуулж байгаа вэ?Залуучуудын хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлд танай байгууллага ямар хувь нэмэр оруулж байгаа вэ (сүүлийн үед хэрэгжүүлсэн болон ойрын үед зохион байгуулахаар төлөвлөсөн үйл ажиллагаагаа дурдах)? // 9:40 – 10:15 (35’) | Танилцуулга- Феликс Вайденкаф, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн (5’); Монгол Улсын албан бус хөдөлмөр эрхлэлтийн судалгааны үр дүн: Залуучууд- С.Батхолбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч (15’); Монгол дахь стандарт бус хөдөлмөр эрхлэлтийн кэйс судалгааны үр дүн: Залуучууд - Ц.Батсугар, Судлаач (15’) // 10:15 – 10:50 (35’) | Хөдөлмөрийн шинэ хууль: Залуучуудад үзүүлэх нөлөө – Ш.Маяа, ХНХЯ-ны Ахлах шинжээч (20’); Залуучуудын хөдөлмөрлөх эрхийг дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлага –Э.Тамир, МҮЭХ-ны Залуучуудын хорооны дарга (15’) // 10:50 – 11:50 (60’) | Хөдөлмөрийн хууль: Шинэ хуульд тусгагдсан ямар заалтууд залуучуудын хөдөлмөрлөх эрхийг, ялангуяа албан бусаас албан эдийн засагт шилжихийг дэмжихэд чухал ач холбогдолтой байна вэ?; Хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдлэг, ойлголт, үйл ажиллагаа: Монголын залуучуудын хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд ямар шинэлэг, үр дүнтэй аргуудыг ашиглаж болох вэ?; Хамтын ажиллагаа: Залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийг сурталчлах бусад арга хэмжээнүүдтэй хэрхэн уялдуулж болох вэ?; Гишүүн байгууллагуудын хувь нэмэр: Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд гишүүн байгууллага бүр хэрхэн, ямар хувь нэмэр оруулж чадах вэ?; Мэдлэг, ойлголт дээшлүүлэх ажлын стратеги, хугацаа: Эхний жилээс гадна олон жил дамнан хэрэгжих стратегид ямар үйл ажиллагаанууд багтаж болох вэ? // 11:50 – 12:00 (10’) | Феликс Вайденкаф, ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн
