Зүрхээрээ харъя: Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо дээр ажилласан нь

Зүрхээрээ харъя: Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо дээр ажилласан нь Та яг одоо нүдээ аниад, утсан дээрээ өөрийн нэрийг бичээд үзээрэй. Бидний ихэнх нь нэрээ алдалгүй бичиж чадна. Учир нь энэ ү…

Та яг одоо нүдээ аниад, утсан дээрээ өөрийн нэрийг бичээд үзээрэй.

Бидний ихэнх нь нэрээ алдалгүй бичиж чадна. Учир нь энэ үйлдэл олон дахин давтагдсанаар булчингийн ой санамжид хадгалагддаг тул харааны мэдээлэлгүй байсан ч түүнийг гүйцэтгэж чаддаг. Үүнтэй адил, харааны бэрхшээлтэй хүн хараагаа алдсан ч сурч, ажиллаж, бие даан амьдарч, нийгмийн амьдралд бүрэн оролцох боломжтой. Тэдэнд тулгардаг хамгийн том саад нь харааны хязгаарлалт өөрөө биш, харин хүртээмжгүй орчин, мэдээллийн саад болон нийгмийн буруу ойлголт, хандлага гэдгийг би “Монгол Диаспора” хөтөлбөрийн хүрээнд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд дадлага хийх хугацаандаа илүү гүнзгий ойлгож авлаа.

Дадлагынхаа хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар” дээр мэдээллийн хүртээмжтэй байдал сэдвийн хүрээнд судалгаанд оролцож, мөн “Хүчирхийллийн эсрэг төв” дээр зохион байгуулсан ХБ-тэй хохирогчдод үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалтад найз Нандиагийн хамт суралцлаа. Энэхүү туршлага нь миний ойлголт, хандлагыг өөрчлөх том түлхэц болсноос гадна ирээдүйд эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах чин эрмэлзлийг минь улам бадрааж өгөв.

Уншигч та бас надтай адил өвлийн жихүүн орой халаасандаа гараа дулаацуулан зогссоор, хоёр цагийн эцэст утаа униар дунд тоо нь гэрэлтэн ирэх автобусыг хараад баярладаг, баярлаж байсан байх. Заримдаа арайхийн суугаад, хүмүүсийн хөдөлгөөнд түрэгдэнгээ "Буудлаа өнгөрөөчих вий" гэж сандран явдаг билээ. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд нийтийн тээврээр зорчино гэдэг яг энэ мэдрэмжийг өдөр бүр даван туулна гэсэн үг юм. Өвлийн түгжрээтэй, цантсан цонхтой, буудал зарладаггүй хуучин автобусанд өдөр бүр зорчиж байгаатай адил. Бидний хувьд цантсан шилээ арчих эсвэл утсаараа автобусны дугаарыг харах боломжтой байдаг бол тэдэнд ийм боломж хязгаарлагдмал. Тиймээс хүртээмжтэй орчин, бусдын ойлголт, нийгмийн дэмжлэг нэмэгдэх тусам харааны бэрхшээлтэй иргэд бие даан амьдарч, нийгэмдээ тэгш оролцох үүд хаалга нээгдэх юм байна гэдгийг энэ зуны богинохон хэдий ч үнэ цэнтэй 2 сарын хүрээнд бодолдоо байнга сануулж явдаг боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг хүртээмжтэй болгох нь тэдэнд нийгэмдээ тэгш оролцох боломжийг олгож байдагтай адил "Монгол Диаспора” төсөл маань гадаадад байгаа залуус бидэнд эх орондоо эргэн ирж, сурч мэдсэнээ зориулах хүсэл, боломжийг нээж байгаад гүнээ талархаж байна. Энэхүү бичвэрийг уншин суугаа уншигч та ч мөн өөрийн түүх, туршлагаа хуваалцан, дараагийн блогийг бичин суух боломжтой шүү гэдгийг хэлэх гэснийг минь хүлээн авна уу!