
Монгол улсынхаа нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах, олон улсын сайн туршлагыг эх орондоо нутагшуулах нь миний гол тэмүүлэл байсаар ирсэн. Энэхүү зорилгодоо хүрэхээр БНСУ-д магистрын зэрэг горилон суралцаж байх явцдаа Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (IOM Mongolia)-аас зохион байгуулж буй "Diaspora" дадлагажигч хөтөлбөрийн талаар олж мэдэж, хамрагдсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвд (ЭМХТ) дадлага хийх боломж олдсон нь миний мэргэжлийн болон хувь хүний өсөлтөд асар том түлхэц боллоо.
Хөтөлбөрөөс хамгийн их үнэ цэн өгсөн зүйл:
- Гадаадад суралцаж буй мэргэжилтнүүдийн хувьд эх орондоо сурч мэдсэнээ хэрхэн тусгах, ажлын байрны бодит орчинтой хэрхэн холбогдох вэ гэдэг асуулт хамгийн чухал байдаг. Энэхүү хөтөлбөрөөс авсан хамгийн том үнэ цэн бол Солонгост сурч буй академик мэдлэг болон Монголын эрүүл мэндийн салбарын бодит хэрэгцээ хоёрыг холбох гүүр болсон явдал юм.
- Эрүүл мэндийн хөгжлийн төвд дадлага хийснээр салбарын бодлого, систем болон хүний нөөцийн хөгжлийн бодит байдалтай гүнзгий танилцаж, өөрийн эзэмшиж буй мэргэжлийн чиглэлээр эх орныхоо хөгжилд яг одоо ямар хувь нэмэр оруулж чадахаа тодорхой харах боломж олдсон.
Шинээр сурч, хуримтлуулсан туршлага:
Энэ удаагийн дадлагын хугацаанд би дараах чиглэлүүдээр шинэ туршлага, ур чадваруудыг хуримтлуулж чадлаа.
- Шинэ түвшний системийн ойлголт: Солонгосын эрүүл мэндийн систем, судалгааны арга зүй болон нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сайн туршлагуудыг Монголын эрүүл мэндийн салбарын бодлогын түвшинд хэрхэн нутагшуулах боломжтойг судалж, туршлага хуримтлуулсан.
- Төсөл, судалгааны ур чадвар: Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх дата мэдээлэлд шинжилгээ хийх, бодлогын баримт бичиг, судалгааны материалуудыг боловсруулах, олон улсын байгууллагын стандарттай нийцүүлэн ажиллах практик чадваруудаа гүнзгийрүүлсэн.
- Илүү өндөр хариуцлага: Олон улсын байгууллага (IOM) болон Төрийн захиргааны төв байгууллага (ЭМХТ) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дадлага хийснээр салбар хоорондын зохицуулалт, харилцааны чухал туршлага мэдэж авлаа.
Хөтөлбөрөөс хамгийн их таалагдсан зүйл:
- Миний хувьд хамгийн их таалагдсан зүйл олон шинэ найзтай болж хамтдаа Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцах байсан. Мөн хамтдаа олон амжилттай хүмүүсийн туршлагтай танилцаж өөрийгөө ч мөн таних сургалтуудад хамрагдаж чадсан маань амьдралд минь нөлөө бүхий байсан.

"Diaspora" дадлагажигч хөтөлбөр бол гадаадад сурч байгаа залууст эх оронтойгоо мэргэжлийн түвшинд эргэн холбогдох, сурсан мэдсэнээ бодитоор зориулах хамгийн шилдэг боломж юм.
