
Зуны дэлгэр саруудын хугацаанд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын удирдан зохион байгуулсан “Монгол диаспора” хөтөлбөрийн дагуу “Уур Амьсгалын Нүүдлийн Өөрчлөлт ТББ”-д хийсэн дадлага ажлынхаа үеэр төрсөн бодролоо энд сийрүүлье.
Монголын нүүдэлчин аж ахуй зөвхөн түүх, соёл уламжлал, амьдрах хэв маягт биш Монгол хүний оюун ухаан, сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварт ч гэсэн оршиж болдог юм шүү гэдэг санааны улмаас New Nomad Institute үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг, хорвоо ертөнцийг харах өнцгийг улам гүнзгий судалж, бусдад түгээн дэлгэрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг ашгийн бус ТББ-д ажиллахын сацуу Монгол Диаспора хөтөлбөрийн сургалтууд, зочин илтгэгчид, дараагийн үедээ тэдний захиж үлдээж буй үгс зэрэг энэ зуны туршлагаас нэгэн санааг өвөртлөн алс холын сургууль руу минь буцааж байгаа юм. Энэ нь юу вэ гэвээс гадаадад сурдаг Монгол оюутнууд ч гэсэн нэгэн талаараа нүүдэлчид байдаг юм байна. Тэдний амьдрал үргэлжид бууриа сэлгэх, гэртээ буцаж ирэх, сургууль руугаа эргэж явах зэрэг жилдээ хэдэн эргэлтийн дагуу өрнөдөг.

Нүүдэлчин ард түмэн өөрсдийн амьдарч буй газраа нөхөн сэргээхийн тулд, маллаж буй малдаа шим тэжээлтэй өвс идүүлэхийн тулд улирал даган бууриа сэлгэдэг шиг өөр газар орныг үзэхийн тулд, шинэ соёл, шинэ хэлэнд өөрийгөө нэвчээхийн тулд, хүсэж буй мэргэжлээ дэлхийн шилдэг хөтөлбөрүүдээр дамжуулан судлахын тулд олон оюутнууд хилийн дээс алхаж байгаатай яагаад ч юм төстэй санагдсан. Нүүдэлчид амьдарч буй гэр орноо, эдлэл хэрэгсэл, ахуй малаа ч мөн адил хамт нүүлгэдэг шиг гадаадад сурдаг оюутнууд харин өөрсөдтэйгөө эх орныхоо жижигхэн хэсгийг хамт авч явдаг.
Очсон газартаа эх орноо төлөөлөх, соёл уламжлалаа танилцуулах үүргийг хүлээсэн тэд нар буцаж ирэхдээ ч тэр газраасаа эрдэм мэдлэг, ёс заншил, хүнтэй харилцах аргуудыг өвөртөлж ирдэг мэт санагдсан. Хэдий нэг л улсаас анх явсан ч гэлээ хөтөлбөрийн хүрээнд уулзсан оюутан болгон ширээн дээр өөрсдийн гэсэн өнгө төрх, амьдардаг газрынхаа хэлтэрхийг авчирч энэхүү зуны сарууд минь үе тэнгийнхнийхээ хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээр аялж өнгөрөөсөнд туйлын их баяртай, сэтгэл ханамжтай байна.
Явах цаг болоход ирэх цаг нэг л мэдэхэд ирдэг гэдэг шиг гэрээ орхин алс хол эрдэм өвөртлөхөөр мордож буй оюутан болгон нэгэн талаараа шинэ нүүдэлчин гэдэг нэршлийн жинхэнэ эзэд нь болж, эх орондоо дутуу байгаа зүйлийг гүйцээхийн төлөө буцаж ирэх болтугай хэмээгээд энэхүү блогоо энд хүрээд дуусгая.
Анхаарал хандуулан уншсан танд баярлалаа.
