Энэхүү хөтөлбөртэй холбогдох миний зорилго болон хөтөлбөрөөс хүлээж буй хүлээлт
Сайн байцгаана уу?🙋🏻♀️
Миний бичсэн бяцхан блогийг унших цэлмэг өдрийн мэндийг дэвшүүлье.☺️
Намайг Сүхбаатарын Чинцовоо гэдэг, нэр шигээ байхыг үргэлж эрмэлздэг нэгэн.
Би өөрийн бяцхан түүхийг ярьж өгье.
Би тэртээ 2003 онд аав ээжийн бяцхан үр нь болж 1.6кг-тай дутуу төрж байсан юм. Тэр үед эмч нар намайг амьгүй төрсөн гэж бодон цонхны тавцан дээр тавьчихсан байсан гэдэг. Гэтэл гэнэт нялх хүүхдийн уйлж байгаа чимээ өрөөгөөр нэг цангинасан гэдэг. Ингээд л би гэдэг хүн амьдрал гэдэг аугаа болоод том далайд хөл тавьсан түүхтэй. Тэр үед миний бие хүнд байсан ч би хурдан сайжирч байсан тул эмч нар намайг “Цовоо хүүхэд” хэмээн дуудаж байсан гэдэг. Тэгээд л намайг ээлжийн хурал дээрээ олон нярайн дундаас ялгахын тулд хүнд хүүхэд биш Цовоо хэмээн нэрийдэж байсан гэдэг. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Ингээд л намайг Чинцовоо гэж нэрлэсэн юм.
Энэ түүхийг нагац эгч маань надад бахархалтайгаар ярьж өгч билээ. Тэр үед нагац эгч маань эмнэлэгт сувилагч хийж, намайг гардан асарсан хүн билээ.
Түүнээс хойш би хорвоод хүн болж мэндэлсэн нь утга учиртай юм байна. Надад эх орондоо, эх дэлхийдээ хийж бүтээх зүйлс их байгаа юм байна даа гэж боддог.
Анх инженерийн салбарт эмэгтэй хүмүүс цөөхөн гэдгийг сонсоод энэ салбарт л хүчин зүтгэж, олон охидын үлгэр дуурайлал болж явъя гэж зориг шулуудсан билээ.
Энэхүү шийдвэрийг улам бататгаж өгсөн зүйл нь “Код бичих охидын хөтөлбөр”-т хамрагдсан явдал юм.
Энэхүү хөтөлбөр миний хувьд сайн инженер болох адал явдлын маань нэгээхэн хэсэг, том дэмжлэг болно гэж бодож байна.

