YDP - Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр, Миний туршлага болон Үнэлгээ

YDP - Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр, Миний туршлага болон Үнэлгээ Залуучууд болон байгууллагуудыг холбох гүүр болсон YOUTHinc-ийн “Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр”-т хамр…

Залуучууд болон байгууллагуудыг холбох гүүр болсон YOUTHinc-ийн “Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдахаар шийдсэн нь миний хувьд томоохон алхам байлаа. Хөтөлбөрт бүртгүүлэх болсон гол шалтгаан маань олон нийттэй харилцах, багийн ажиллагаанд суралцах, хамтын ажиллагааны ур чадвараа хөгжүүлэх байсан. YOUTHinc өөрөө залуучууд болон байгууллагуудыг холбох гүүр болдгоороо онцлог учраас дадлага хийх боломжоо эрэлхийлж энэ хөтөлбөрт хамрагдсан юм.

Хөтөлбөрт хамрагдсаны хамгийн том үр дүн нь өөрийгөө илүү сайн танин мэдсэн.

Хөтөлбөрийн эхэн үед заасан стрессээ даван туулах, бууруулах арга техникүүд нь миний амьдралд томоохон өөрчлөлт авчирсан. Өмнө нь сэтгэл түгшилтийн шинж тэмдэг ихээр илэрдэг байсан бол эдгээр хичээлүүдийн ачаар би тайван байх, өөрийгөө хянах чадвартай болсон. Миний бие, сэтгэлийн байдалд гарсан өөрчлөлтүүд амьдралын чанарт шууд нөлөөлж эрүүл амьдрах үндэс болсон гэж бодож байна.

Хөтөлбөрт суралцаж байх хугацаандаа би цаашид бясалгал болон иогийг амьдралынхаа нэг хэсэг болгох, багийн үйл ажиллагаанд илүү зохион байгуулалттай оролцохыг зорихоор шийдсэн. DISG үнэлгээг ашиглан багаа тэнцвэртэй зохион байгуулж, багийн үр дүнг нэмэгдүүлэх нь миний суралцсан чухал аргачлалуудын нэг юм. Хэдийгээр би хөтөлбөрийн төгсгөлд үйлдвэрлэлийн дадлага хийх байгууллагаа олохыг хүсэж байсан ч хараахан олж чадаагүй. Хэрэв YOUTHinc миний мэргэжлийн чиглэлээр дадлага хийх боломжийг бүрдүүлж өгвөл миний хувьд маш их ач холбогдолтой болно.

Миний хувьд хөтөлбөрийн Work-Life Balance сэдэв нь хамгийн ихээр анхаарал татсан. Би оюутны дотуур байранд амьдардаг тул цагийн зохион байгуулалт, хоол, нойр зэрэг нь надад тулгардаг том асуудал байсаар ирсэн. Тиймээс энэ хэсэг миний эрүүл, үр бүтээлтэй амьдралын үндэс гэж үзсэн. Хөтөлбөрийг илүү хөгжилтэй, оролцоотой болгохын тулд танилцах тоглоом зэрэг үйл ажиллагаа нэмэх байсан. Зарим үед би ганцаардах мэдрэмж төрдөг байсан тул үүнийг шийдвэрлэх арга зам олохыг хичээх байсан.

Энэ хөтөлбөр нь миний өөрийгөө таних явцад нэг алхам болсон. Би юунд дуртай, ямар төрлийн хүмүүстэй хамт байж нэг баг болох нь надад тухтай байдгийг ойлгуулж өгсөн газар. Үнэхээр сайн хөтөлбөр бөгөөд дараа дараагийн элсэгч нарт туслах эрмэлзэлтэй байна. Гэвч миний хувьд төгсөх курс болох учир дараа жил өөрийн сурлагын тал дээр анхаарах хүсэлтэй байна.

Их дээд сургуулийн оюутан болон төгсөөд ажил хайж байгаа хүмүүсийг сонгосон нь маш зөв сонголт байсан. Хүмүүсээ бүрдүүлэхдээ хүйсийн тэгш байдлыг хангах нь багийн ажил болон уур амьсгалд маш сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Үүнийг илүү олны танил байгууллага санхүүжүүлэх нь энэ хөтөлбөрийн нэр хүнд болон төгсөгч бид нарын үнэ цэнэ нь нэмэгдэнэ гэж бодож байна. Энэ хөтөлбөрийг төгссөн юм уу? Гээд л биднийг шууд магтдаг хүн таньдаг байгууллага болоосой гэж би хүсэж байна.

YDP-ийн энэхүү хөтөлбөр нь миний хувьд зөвхөн нэг алхам биш, харин ирээдүйд чиглэсэн замын эхлэл байлаа. Өөртөө итгэлтэй, илүү ухаалаг, зохион байгуулалттай байх чадварыг минь хөгжүүлсэн энэхүү туршлага нь намайг илүү ихийг сурахад урамшуулж, ирээдүйн зорилгод минь томоохон түлхэц болсон билээ.